Энтертайнмент
Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоно
Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
Нэн шинэ үеийн уран бүтээлчид “Амьгүй биет” жүжгээ “Контемпорари” гэж тодотгожээ. Жүжигт нэг ч жүжигчин дүр бүтээхгүй нь шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж, этгээд уур амьсгалыг бүрдүүлнэ гэж үзэв.
Нэн шинэ үеийн уран бүтээлчид тус жүжгээрээ 21-р зууны дуу чимээний бохирдол гэх тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ.
“Амьгүй биет” контемпорари жүжиг 2019 оны хоёрдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Тэди” төвийн чанх урд талд байрлах “Анкор” төвд 15:00, 17:00, 19:00 цагаас тоглогдоно.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.