Эдийн засаг
Монголбанк: Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ

Банк санхүүгийн салбарын бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн бүх салбарт шууд нөлөөлдөг. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн цусны эргэлт болсон төлбөр тооцооны өртгийг бууруулж, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ.
Монголбанк нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд ийнхүү манай улс төлбөр тооцооны системийн хувьд дэлхийн жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярьдаг болж байна.
Үндэсний төлбөрийн экосистемийн үүрэг бол оролцогч талуудын санхүүгийн харилцааг найдвартай, тасралтгүй, нууцлалтай, уян хатан, нэг хэл дээр зохицуулахад оршино. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ болон бизнесийн байгууллагууд зэрэг оролцогч талууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг буурч, санхүүгийн салбарын бүтээмж өсөж байна.
Б.Лхагвасүрэн /Монголбанкны Ерөнхийлөгч/
Төлбөрийн систем бол үндэсний аюулгүй байдалд хамааралтай дэд бүтэц буюу экосистем юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх давхар хариуцлагатай үүргийг хүлээдэг. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанк “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж, эдийн засагт оролцогч талуудын төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай, илүү хялбар аргаар явуулах шийдлүүдийг нэвтрүүлсэн.
Э.Анар /Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал/
Төслийн хүрээнд стратегийн олон чухал системүүдийг шинээр нэвтрүүлж хууль эрх зүйн болон дэд бүтцийн экосистемийг бий болголоо. Үндэсний төлбөрийн экосистем нь банк санхүүгийн салбараар дамжуулж иргэд, бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгнө. Иргэдийн хувьд, ₮ карт нь зайнаас уншуулах EMV/ NFC технологи бүхий чиптэй болж, нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан карттай боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд дундын финтек компаниудыг ашиглаж төлбөр тооцоогоо шийдэх боломж бий болсон. Мөн бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан 24/7 горимоор төлбөр дамжуулах багцын гүйлгээний шинэ төрлийг нэвтрүүллээ.
Монгол Улсын “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл 2016 онд эхэлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаар өнөөдрийн банк санхүү, финтекийн салбарын хөгжлийн түвшинд хүрэхэд чухал дэмжлэг болж өгсөн юм.
Энэхүү төслийн хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологитой ₮ карт гаргаж эхэлсэн бол төрийн халамжийн болон бусад гүйлгээний хурд үлэмж хувиар нэмэгдэж, бэлэн бус төлбөр тооцооны тоо өсөж, далд эдийн засгийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж эхэлсэн.
Төлбөр тооцоотой холбоотой бүх оролцогч талуудыг үндэсний төлбөрийн экосистемийн нэвтрүүлсэн шинэ боломжуудыг ашиглан Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Эх сурвалж: Монголбанк

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.