Эдийн засаг
СЗХ: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын хуралд оролцлоо

Ашигт малтмалын гэмт хэрэгтэй холбоотой хууль сахиулах байгууллагуудын албан бус сүлжээний 6 дахь удаагийн хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотноо болов.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/, Дэлхийн гаалийн байгууллага /WCO/, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар /UNODC/ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн хуралд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Б.Батхишиг, СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн Г.Ивээл нар оролцож “Монгол Улсын эрдэнийн чулууны зах зээл, хууль бус хил давуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрлэх арга замууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, туршлага хуваалцлаа. Түүнчлэн Нигер, Шинэ зеланд, Гана, Намби, Конго, Габон, Энэтхэг, Бангладеш, Австрали, Арабын нэгдсэн Эмират, Нидерланд, Итали, АНУ, Чили зэрэг орны төлөөлөл өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавьж, туршлага хуваалцсан юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ нь 38 гишүүн орноос бүрддэг олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнууд нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй орнууд байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад хамаарах үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бусад улс орны шилдэг туршлагыг судалж, өөрийн хөрсөнд нутагшуулах зорилгоор тус байгууллагатай стратегийн түвшинд үр дүнтэй хамтран ажилладаг.
Өмнө нь тус байгууллагаас зохион байгуулсан “Ашигт малтмалын гэмт хэрэгтэй холбоотой 5 дахь удаагийн хурал”-д цахимаар оролцож байсан ба салбарыг хөгжүүлэх чиглэлд санал, санаачилгыг дэвшүүлэн ажилласан юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.