Эдийн засаг
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-өөс мэдэгдэл гаргалаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 30-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд хүлээн авахтай холбогдуулан урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа тул Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг дараах байдлаар хийхээр болсныг мэдэгдэж байна.
- Үнэт цаасны танилцуулгад заасан стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдын урьдчилсан захиалгыг 2022 оны 12 сарын 26-ны 10:00 цагаас эхлэн 2022 оны 12 сарын 27-ны 18:00 хүртэл цаг хугацааны дарааллаар эхний 83 хүсэлтийг бүртгэж авах, ингэхдээ хамаарал бүхий этгээдүүдийн захиалгын хувь хэмжээг 5 хувь хүрэхгүй байх зарчмыг баримтлах;
- Урьдчилсан захиалгыг бүртгэхдээ стратегийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, стратегийн хөрөнгө оруулагчаар орохыг мэдэгдсэн хүсэлтийн хамт хөрөнгө оруулалтын дүнг ҮЦТХТ-н данс, номинал данс, кастодионы дансанд байршуулсан баримтыг хавсаргах;
- Урьдчилсан захиалга авах хугацаа дууссан эсвэл эхний 83 хүсэлт бүртгэгдсэн нөхцөлд эдгээр урьдчилсан захиалгын дүнг хуваарилалт хийн, хамгийн багадаа 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг байхаар хуваарилж, хүсэлт ирүүлсэн стратегийн хөрөнгө оруулагч нарт мэдэгдэх;
- Санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 10 хувь буюу 11,915,760 ширхгээс доошгүй тооны хувьцааг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах зарчмын хүрээнд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгын үнийн дүнгээс хамаарч Монголын Хөрөнгийн Бирж болон үндсэн андеррайтер нар харилцан зөвшилцсөний үндсэнд стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах нийт хэмжээг санал болгож буй хувьцааны 70 хувь буюу 83,410,322 ширхэг хүртэл бууруулах, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах хэмжээг санал болгож буй нийт хувьцааны 30 хувь буюу 35,747,281 ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байх;
- МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дагуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилах тохиолдолд 500 /таван зуу/ ширхэг буюу 50,000 /тавин мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэх;
- Стратегийн хөрөнгө оруулагчид нь дараах хуулийн шаардлагыг хангасан байх
- “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно”;
- “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.”;
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.