Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард өссөн эсэх талаар статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өсчээ.
Тухайлбал, нийслэлд гурил, гурилан бүтээгдэхүүн, махны үнэ өссөн бол шатахуун, сүүний үнэ тогтвортой байна. Орон нутагт мах, дизель түлшний үнэ буурсан бол сүү, гурил, будааны үнэ өсчээ.
Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.
Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тос, гурил, будаа, хүнсний ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байна.
Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурил, гурилан бүтээгдэхүүн 1000 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 450-800 хүртэлх төгрөгөөр өсчээ. Будааны хувьд:
- Цагаан будаа-3500-6500
- Шар будаа 4000-7000
- Хар будаа- 9500-10500
- Гурвалжин будаа-5500-8000 төгрөг байна.
Харин ургамлын тос төрлөөс шалтгаалж литр нь 8500-14500 төгрөгийн хооронд байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр долоо хоногт килограмм, литр тутамдаа 200-500 төгрөгөөр өсчээ.