Эдийн засаг
Хөгжлийн банк энэ оны эцэст зээлийн эргэн төлөлтөө 1.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой болжээ

М.ДАВААДУЛАМ
Монголбанкнаас өнгөрсөн жилийн эцсээр явуулсан шалгалтын үр дүнгээр нийт зээлийн 55 хувь нь чанаргүй болсон нь тогтоогдсон нь өнгөрөгч оны хамгийн онцгүй, таагүй мэдээлэл байсан төдийгүй тус банк дампуурлын ирмэгт тулж ирсэн үе байлаа. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ, цаашид ажиллах, амьдрах боломж нь бүрэн нээлттэй ийм банк болсон байна. Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.
Үүнээс 724.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр,180.6 тэрбум нь үнэт цаас, 89.7 тэрбум өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. Тиймээс тус банкны 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн нийт зээлээс өнөөдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.2 их наяд төгрөгийн зээл үлдээд байна. Зээлийн багцын өөрчлөлт нь үлдэж буй 2.2 их наядын зээлээс 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Хуулийн байгууллагаар буюу шүүхийн журмаар 1.6 их наяд төгрөгийн 37 зээл байгаагаас 993,8 тэрбум төгрөгийн 16 зээл хэрэг нь хянан хэлэцэгдэж байна.
Харин 412.5 тэрбум төгрөгийн 10 зээлийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэж, 200.7 тэрбум төгрөгийн Хөгжлийн банк энэ оны эцэст зээлийн эргэн төлөлтөө 1.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой болжээ 11 зээл ШШГГ-т тус тус шилжсэн байна. Түүнчлэн 245.1 тэрбум төгрөгийн таван зээл нь шүүхийн бус журмаар шийдвэрлэхээр ажиллаж байна. 2022 онд АТГ-т 32 зээлд гомдол гаргаснаас эхний ээлжинд 20 зээлийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсэн прокурорт шилжсэн байна. Мөн энэ онд Капитал банк – 54.4 тэрбум, Монгол мах экспо ХХК – 32.4 тэрбум, Болор шүр ХХК – 1.2 тэрбум, Модун ХХК – 1.7 тэрбум төгрөг нийт 89.7 тэрбум төгрөгийн зээлийн өрөнд ӨБҮХХ / өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө/ шилжүүлэн авчээ. Энэ банкны удирдлага, хамт олны уйгагүй хүчин зүтгэл, Засгийн газраас зарласан бодит байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл, дэмжлэгийн үр дүнд найдваргүй гэх ангилалд оруулсан байсан олон тэрбум төгрөгийг төлүүлж эхэлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банк ирэх оноос хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн гэдгийг тус банкны удирдлагууд хэлж байлаа. Хөгжлийн банкнаас энэ онд хийж хэрэгжүүлсэн болон өр барагдуулалтын талаар тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мандуулаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Н.Мандуул: Самурай бондыг төлөх бүрэн боломжтой болсон
-Энэ оны эхэнд нийт зээлийн эрсдэл ямар хэмжээнд байв?
-Хөгжлийн банк энэ оны эхэнд 55 хувийн чанаргүй зээл буюу 1.8 их наяд төгрөгийн зээл эрсдэлд орсон гэсэн дүгнэлттэй байсан. Бид жилийн туршид төрөл бүрийн үйл ажиллагаа хийсний дүнд оны эцэст нийт зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг гараад явж байна. Үүнд тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгө, мөн түүнчлэн ТОСК-ийн олон жил шийдэгдээгүй асуудлыг үнэт цаасаар шийдвэрлэсэн. ТОСК-ийн чанаргүй зээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгон хувиргаж, зээлийн чанарыг сайжруулав. Бид үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллан энэхүү үл хөдлөх хөрөнгийг түргэн хугацаанд борлуулж банкийг алдагдалгүй болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022 оны хувьд Монгол Улсын Хөгжлийн банк нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан хүнд цаг үе байсан ч асуудлыг даван туулах гэж бүх талаар хичээж ажилласан. Эхлүүлсэн ажил үр дүнд хүрч, сайхан эхлэл тавигдсан жил байлаа. Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг бүрдүүлэхээр хичээн ажилласны үр дүн гарч л байна.
-Ирэх онд яаж ажиллахаар байгаа вэ?
-Бид ирэх оныг нэлээн өөдрөгөөр төсөөлж байгаа. Гурван том зээлдэгч буюу Хөтөл, Эрэл, Бэрэн компаниудын асуудал шийдвэр муутай, хамгийн их жин дарж байгаа ч Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Эрэл” ХХК, “Бэрэн” ХХК-ийн зээлийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бусад зээлийг банкны зүгээс шийдчих боломж байгаа гэж харж байна.
-Бондуудын тухайд юу хэлэх вэ?
-Бондуудын тухайд Чингис бондыг төлж дууссан бол Самурай бондын эргэн төлөлтийг хийх бүрэн чадамжтай болоод байна. 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. Тиймээс төсвөөс мөнгө гаргуулалгүй, зээлийн эргэн төлөлтөөрөө эх үүсвэр бүрдүүлэн иений ханш бага байх цаг, үеийг ашиглаад 30 тэрбум иен худалдаж аваад Монголбанкны тусгай дансанд байршуулсан байгаа. Тэгэхээр самурай бондын асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Хөгжлийн банкны хувьд ирэх жил 500 сая ам долларын олон улсын бондын асуудал үлдэж байна. Үүнийг сангийн яамтайгаа хамтраад тодорхой төлөвлөгөө гаргаад шийдвэрлэх боломж бүрэн бий.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.