Нийгэм
Х.Баттулга: “Торгоны зам” авто раллигийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо.
2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийн уулзалтын эхэнд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны танилцуулга, зохион байгуулалтын талаар сонсож, дараа нь ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон юм.
Тэрбээр авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ОХУ-ын ажлын хэсгийнхэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд 10 шаттай, 5,000 км зам туулах урттайгаар эхлэх бөгөөд Монголын газар нутгаар долдугаар сарын 7-13-ны хооронд өнгөрч, 3-7 шатны уралдаан нь болох юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.