Дэлхий дахинд
Тайландын мисс хогийн цэг дээр өссөн хүүхэд насаа дурсан лаазны тагаар хийсэн даашинз өмсжээ
Энэ долоо хоногт АНУ-ын Луйзиана мужийн Нью-Орлеанз хотод зохион байгуулагдаж буй Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний нэг оролцогч өмссөн даашинзаараа олны анхаарлын төвд ороод байна.
Тэр бол Тайландын мисс Анна Суеангам-Ям юм. Анна уг тэмцээний үдшийн даашинзын үзүүлбэрт оролцохдоо ундааны лаазны гогцоотой тагнуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзтай оролцжээ.
“Нууцлаг Эрдэнийн Даашинз” нэртэй энэ хувцсыг бүтээхдээ лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урласан юм байна.
“Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэхүү даашинзыг бүтээсэн юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн овоон дунд өнгөрч байв. Энэхүү өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүмүүсийн үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнг агуулдгийг Орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан, сонссон хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” гэж Анна сошиал хуудсандаа бичжээ.
Miss Thailand албан ёсны сошиал хуудсанд “Хэдийгээр түүнийг зарим хүмүүс хогийн цэгийн хатан хаан гэж хочилдог ч энэ нь түүнийг үнэт эрдэнэ мэт гялалзахад саад болоогүй юм” гэж бичсэн байна.
Аннагийн танилцуулгад өгүүлснээр одоо 24 настай Тайландын мисс нь Бангкок хотын хогийн цэг дээр төрж, өссөн хүн ажээ. Охиныхоо ирээдүйг бодсон эцэг эх хоёр нь түүнийг хогоос холдуулж, сүмд ажиллуулж, амьдруулахаар илгээж байсан гэнэ. Тэрбээр Буддын шашны гэлэнмаа нарын дунд амьдарч, тэдний хоолны үлдэгдлээр гэдсээ цатгадаг байжээ.
Сүүлд Анна сургуульд сурч, төлбөрийг нь төлөхийн тулд цусны донор болж, хуванцар сав лонх цуглуулж, нийтийн ариун цэврийн өрөө цэвэрлэдэг байсан гэнэ.
Тэрбээр амьдралын энэ туршлага дээрээ үндэслэн одоо ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.
Орчлонгийн Мисс тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 8:00 цагт эхэлжээ.