Эдийн засаг
Үхрийн мах 15000-17500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнийн судалгааг хийжээ. Судалгаагаар үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 15969 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13679 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.77 хувиар, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувиар, хонины цул махны үнэ 1.3 хувиар өссөн. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” “Хархорин” Худалдааны төвүүдэд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” Худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ:
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2800 төгрөг, 1-р зэргийнх 2000-2350 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” Супермаркет, “Саруул” худалдааны төв, “Оргил” худалдааны төв гэх мэт газрууд хамгийн өндөр үнээр буюу 2200 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
Монгол төмсний үнэ 1.8 хувиар өсч 1 кг нь 1516 төгрөг, монгол луувангийн үнэ 1.7 хувиар өсч 2439 төгрөг, монгол байцааны үнэ 1.0 хувиар өсч 2295 төгрөг, хүрэн манжингийн үнэ 0.4 хувиар буурч 2 951 төгрөг, монгол сонгино үнэ 3.1 хувиар өсч 3058 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.