Нийгэм
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа эхэлжээ
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XX их хурал хоёрдугаар сарын 28-нд болохоор товложээ. Дөрвөн жилд нэг удаа болдог Их хурлаараа Монголын бизнес эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, өнгөрсөн дөрвөн жилийн танхимын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, танхимын удирдлагууд болон ерөнхийлөгчөө сонгоно.
МҮХАҮТ нь 3500 орчим аж, ахуйн нэгжийн гишүүнчлэлтэй Монголдоо хамгийн томд тооцогдох бизнес эрхлэгчдийг төлөөллийн байгууллага юм. XX Их хурал нь МҮХАҮТ-ын 60 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Удирдах зөвлөл дүрмэндээ өөрчлөлт оруулж, танхимын удирдах албан тушаалтнуудаа сонгохоор төлөвлөсөн байна.
Үүнтэй холбоотойгоор танхимын Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын ерөнхийлөгч, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэр дэвшигчдийн материалыг хурал болох өдрөөс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 26-ныг хүртэл хүлээн авах юм байна.
Одоогоор танхимын ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд албан ёсоор зарласан нэг хүн байгаа нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг юм.
Тэрээр мэдэгдэлдээ “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна.
Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг арх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэдгээ мэдэгджээ. Тэрээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа хэлээд сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч мэдэгдсэн юм.
Ч.Ганхуягийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол одоогийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав байх нь гарцаагүй. Б.Лхагважав танхимын Ерөнхийлөгчийн сунгаанд дахин нэрээ дэвшүүлэх, мөн сонгогдох хамгийн өндөр магадлалтай. Учир нь, Б.Лхагважав нь бизнесийнхэн дундаа нэр хүнд сайтайгаас гадна МҮХАҮТ-ын одоогийн дагаж мөрдөж байгаа дүрмээр бол нэг хүн танхимын ерөнхийлөгчөөр нэг удаа улиран сонгогдох эрхтэй буюу найман ажиллах ажиллах боломжтой юм байна.
Өмнө нэг хүн хэдэн ч удаа сонгогдож болох заалттай байсныг өөрчилж, нэг хүн нэг л удаа сонгогдох эрхтэй гэж өөрчилсөн байна. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл 17 жил танхимын ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Тодруулбал, өмнөх XIX их хурлаар МҮХАҮТ-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар нэг хүн хязгааргүй удирдах боломжийг халсан. Мөн танхимын удирдах албан тушаалтнуудыг Удирдах зөвлөлийн 75 гишүүний саналаар сонгодог болжээ.
Б.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаагаа бөгөөд тэрээр одоогоор дахин нэр дэвших талаараа байр сууриа илэрхийлээгүй байна. Гэхдээ өөрийн санаачилсан, хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийн тулд боломжийг ашиглаж дахин нэр дэвших хамгийн магадлалтай хүн юм. Одоогоор Ч.Ганхуягаас өөр хүн танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээгүй ч хоёрдугаар сарын 26-ныг хүртэл хугацаа байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.