Дэлхий дахинд
Гудамжинд бүжиглэсэн иран хос 10 жилийн ял авчээ
Гудамжинд бүжиглэж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн иран хос 10 жилийн хорих ял авчээ. Тэднийг авлига, биеэ үнэлэлтийг сурталчилсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг үгсэн нэгдсэн, төрийн байгууллагын эсрэг суртал ухуулга явуулсан гэх хэрэгт буруутгасан байна. Нийслэл Тегеран дахь эрх чөлөөний цамхаг буюу Азади цамхагийн дэргэд тэд бүжиглэсэн. Энэ бүжгээ Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалтай ямар нэг байдлаар холбоогүй боловч тэд шийтгүүлэх болов. Түүнчлэн тэднийг олон нийтийн сүлжээ ашиглахыг, Иранаас гарахыг хоёр жилийн хугацаатай хоригложээ.
Толгойн алчуураа буруу зүүсний улмаас цагдаад саатуулагдсан 22 настай Махса Аминигийн хэрэгтэй холбоотойгоор Иранд жагсаал цуглаан удаан үргэлжилсэн. Энэ жагсаалд оролцсон хүмүүст эрх баригчид ял оноосоор байна.
21 настай Астиаж Хакики болон түүний сүйт залуу 22 настай Амир Мохаммад Ахмади нарын ялын хугацаа нийлээд 10 жил хагас болж байгаа аж. Тэдний инстаграм хуудас хоёр сая орчим дагагчтай. Баривчилгаанаас өмнө Хакикигийн гэрт нэгжлэг хийсэн.
Дашрамд дурдахад, Иранд бүжиг бол зүгээр нэг зугаа төдий зүйл биш юм. Хэрвээ та Иранд бүжиглэвэл эсэргүүцсэн үйлдэлд тооцогдоно. Иранчууд одоогийн тогтолцоог эсэргүүцэх арга замыг хайж буй нь бүжиг болоод байна.
Иранд төрж, Канадад өссөн 30 настай бүсгүй Аида хөгжмийн продюсер, ди жэй мэргэжилтэй. Түүний хамаатан садан, найз нөхөд одоо ч Иранд амьдардаг бөгөөд тэдний хязгаарлагдмал эрх чөлөөг хараад Аида ямар нэг зүйл хийхийг хүсчээ. Тиймээс “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” нэртэй цомог гаргахаар шийджээ. Энэ бүтээлд иран эмэгтэйчүүд, продюсерүүд, хөгжимчид гар бие оролцоно. Цомгийн орлогыг иран эмэгтэйчүүдэд тусалдаг байгууллагуудад хандивлахаар төлөвлөж байна.