Дэлхий дахинд
Британийн язгууртан гэр бүл 1,000 боолтой байсан өвөг дээдсийнхээ өмнөөс Гренада улсад нөхөн олговор төлөхөөр болжээ
Их Британийн чинээлэг гэр бүл 19 дүгээр зуунд 1,000 боол эзэмшиж байсан өвөг дээдсийнхээ өмнөөс Карибын тэнгисийн арал улс Гренадын ард иргэдээс уучлал гуйж, нөхөн олговор төлөхөөр болжээ.
Тревеляны гэр бүл тус аралд чихрийн нишингийн зургаан тариалантай байсан юм байна. Нөхөн олговрыг өвөг дээдэст нь боолчлогдож байсан хүмүүсийн үр хойчийн сайн сайхны төлөө зарцуулахаар болжээ.
Тревеляны гэр бүлийн гишүүд өнгөрсөн сарын сүүлээр уулзалдахдаа Гренада арал улсын ард иргэдээс уучлал гуйсан утгатай захидал бичихээр тохиролцсон юм байна.
Тэдний нэг Нью-Йорк хотод BBC сувгийн сурвалжлагчаар ажилладаг Лаура Тревелян өнгөрсөн онд Гренадад зочилж, колоничлолын үеийн түүхэн баримтуудтай танилцаж байжээ.
Өвөг дээдсийнхээ үйл хэргийг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлсон Тревеляны гэр бүлийн өөр нэг гишүүн Жон Довер “Бид бусдыг дагуулах үлгэр жишээ болох хүсэлтэй байна” гэж ярьсан байна.
Тревеляны гэр бүлийн төлөөлөгчид хоёрдугаар сарын 27-ны өдөр Гренадад сангаа албан ёсоор нээж, 100,000 фунт стерлингийн ($120,545) хөрөнгө оруулахаар болжээ.
Гренадын Хохирлыг барагдуулах Үндэсний Хорооны дэд тэргүүн Никол Филип-Доуи “Түүхийн гэрч болж байгаадаа үнэхээр баярлаж байна. Өвөг дээдсийнхээ үйлдсэн нүглийн төлөө үр хойч нь хариуцлага хүлээнэ гэдэг маш том дэвшил юм” гэж ярьсан байна.
Их Британийн засгийн газар 1834 онд боолчлолыг албан ёсоор хориглосныхоо дараа Карибын колониудад тариалан эрхэлж байсан гэр бүлүүдэд их хэмжээний нөхөн олговор төлж байжээ.
Тухайлбал Тревеляны гэр бүл тэр үед 26,898 фунт нөхөн олговорт авч байсан нь өнөөдрийн ханшаар 3 сая фунттэй тэнцэх мөнгө юм байна.