Эдийн засаг
Өрмөө хамуулчихаад хусам ч үгүй үлдвэл яана, Монгол Улс
Ч.Чулуунцэцэг
Монгол Улсын Газрын тосны салбарын нөхцөл байдал ийм л байгаа. Байгаа баялгаа бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа тул ингэж хатуу хэлсэн хэрэг. Бид өнгөрсөн 2022 онд 1,1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байна. Бага тоо биш байгаа биз. Энэ хэрээр валют гадагшаа урссан гэхээр гол зурж, хармын сэтгэл төрөөд байх юм. Үнэн хэрэгтээ 80 жил түүхтэй хэмээн ханхалзах авч өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй болж чадаагүй л салбар шүү дээ. Газрын тосны салбарт амьдрал, сэтгэл оюунаа зориулсан үе үеийн газрын тосчид үүнд буруугүй. Гагцхүү бодлогогүй шахам явж ирсэнд асуудал оршиж буй хэрэг. Бодлогогүй, зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байдлаар хараандаа байлгах өөр ашиг сонирхол тухайн цаг үед байсныг хүлээн зөвшөөрч болох ч шинэ цагийн Монгол Улсын төр, засаг 33 жилийн хугацаанд хуруу хөдөлгөх төдий явж ирсэн нь эмгэнэл. Гогдох зүйл ердөө Газрын тосны тухай хууль. Газрын тосны эрэл ,хайгуул олборлолт бол дуртай хүний барьж аваад ашиг олдог бизнес биш гэдгийг хэн хүнгүй гадарлах. Тэр ч утгаараа Монгол Улс энэ салбарт үндэсний компанигүй шахам яваа. Төр бодлоготой явж ирсэнсэн бол ХХI зууны босго давж байж боловсруулах үйлдвэрийн сураг сонсч суухгүй байсан. Бас гадныхныг царайчлахгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээ өөр хооронд нь өрсөлдүүлсэн шигээ “ үнэ өндөр байна, буруул буруул” гээд сууж байх байлаа. Энэ мэтчилэн тоочих зүйл олон. Нөгөөтэйгүүр, биднийг дөнгөж газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох гэж үйл тамаа үзэн хэрэлдэж, хэлэлцэх зуур энэ салбарын хөгжил бараа сураггүй талийж өгсөн байх юм. Өндөр хөгжилтэй зарим орон газрын тосыг халж устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг зах зээлд санал болгох нь тэр. Гэтэл манайд.., Энэ сэдвийг орхиё. Монгол Улс нөөцтэй юү гэвэл нөөцтэй. Харамсалтай нь байгаа нөөцөө бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоо алга. Хууль эрх зүйн хүрээнд ч тэр, эдийн засгийн чадамж нь ч алга. Шинэ цагийн Монгол Улсын Газрын тосны салбар өөрийн гэх өрмийн цамхаггүй гээд төсөөл дөө. Эмгэнэлтэй сонсогдож байна уу. Газрын тосчид “ Бид өрмийн цамхагтай болох хүсэлтээ холбогдох яам, тамгын газарт нь өчнөөн удаа тавьсан. Дэмждэг газар байдаггүй юм билээ. Өртөг өндөр болоод тэр биз” гэцгээх. Цаг хугацаа урссаар. Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дайжсаар. Ийм нөхцөлд яах ёстой юм бол. Мөнгө олдвол өрөм тавьж шалгана даа хэмээн хүлээсээр суух уу. Тэгвэл баларна. Хүлээх эрх бидэнд байхгүй. Учир нь манай урд хил тодруулж хэлбэл, хоёр улсын хилийн шугам дагуу БНХАУ-ын газрын тосны 500 гаруй компани олборлолт явуулж буй. Тэдний зарим нь 1980-аад оноос үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн гэнэ лээ. Зах зээлээ хангаж дийлдэггүй, хаа холын Арабаас хүртэл газрын тос импортлодог ханаж цаддаггүй “мангас” бол урд хөрш. Тэр утгаараа газрын тосны хайгуулыг эрчимтэй явуулж,нээлтүүдээ маш богино хугацаанд орд болгон хөгжүүлж байгааг бид харсаар, үзсээр суугаа. Манай газрын тосчдын хэлж буйгаар, Монгол Улсын газрын тосны гол нөөц болох хотгорууд тодруулбал, Дорнодын Буурь нуур, Тамсагийн сав газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт орчмын ордууд нь Хятадын олборлолт явуулж явуулж буй Хайлаар, Эрээний сав газруудтай нэг бассейн гэнэ. Гэтэл бид хил орчмын бүсээ тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн “таг” дараад хэвтсээр өнөөдөртэй золгов. Нөхцөл байдлыг ухаарч “За одоо ашиглая” гэх үед нөхдүүд хэдийнэ хөндлөн чиглэлээр өрөмдөн/ 270 км бол орчин цагийн технологт юу ч биш / алсын зайнаас сороод авчихсан байвал яах юм. Албаны хүн “ Олборлолт явуулах тусам цооногийн ойролцоох даралт буурч тос нь өндөр даралт бүхий холын хэсгүүд рүү энерцээрээ урсч орж ирдэг. Энэ нь манай тос хятад руу урсч байна л гэсэн үг” хэмээсэн. Үнэхээр тийм бол Төр, засаг энэ сэдэвт онцгой анхаарч, нэн даруй холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх нь зөв байх. Харзная, судлая, нутгийн иргэд юу гэх бол хэмээн алгуурлах аваас хэдхэн жилийн дараа үзээд өгөе чөмөггүй болсон байх вий. Технологийн хөгжил жилээр бус сараар хувьсан өөрчлөгдөж байгааг хэлүүлэх юун. Өрмийг нь хамж, цөцгийг нь машиндсан сүү ямар байдаг билээ дээ. Шингэн гэж жигтэйхэн цэхэр ус болж хувирдаг. Манай нутгийн авгайчууд нохойн идүүр рүүгээ хөнтөрч орхидог. Хэнд ч хэрэггүй гэсэн үг. Тиймээс тослогтой, амттай, зах зээлд эрэлт хэрэгцээ их байгаа дээр ашиглах нь дээр болов уу.
Нөгөөтэйгүүр, хөдөө орон нутгийн удирдлагууд, мал бүхий иргэдэд Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь хүсэн эс хүссэн ч уул уурхай гэдгийг тархинд нь суулгаж өгмөөр байна. Бас газрын тосны эрэл хайгуул, олборлолт бол нүүрс, алт шиг байгалийг нүд хальтрам дүр төрхтэй болгодоггүйг хэлж, энэ тухай өгүүлсэн кино ший үзүүлмээр байх юм. Өндөр хөгжилтэй орнууд тариалангийн талбай, гудамж талбай, хүүхдийн цэцэрлэг, сургууль, маш том худалдааны төвийн өмнөх талбай, айлын хашаанд хүртэл олборлолт явуулж болж байхад монголчууд л үзэж чадахгүй сүйд болох юм. Тэгээд ч манай ордууд дэлхийн сонгодог ордууд шиг эдийн засгийн хувьд супер ашигтай биш гэнэ лээ. Тэр утгаараа түүхий тосны үнэ зэх зээл дээр буурах юм бол ашиггүй болж мэднэ гэсэн. Ховх соруулчихаад шогширч суухын оронд хэдүүлээ санаагаа нэгтгээд ажил болгочихвол Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгөх юм даа. Төсгөлд нь тэс хөндлөнгөөс далийж орж ирээд нэг зүйлийг хэлэхэд, Сайншандаас Тамсаг хүртлэх 530 км дамжуулах хоолойн барилгын ажил эхэлсэн дуулдсан. Уг нь бидэнд хоолой барьж мөнгөө дэмий зүйлд үрэхгүйгээр шийдэх гарц бий шүү дээ. Төмөр зам яасан юм. Монгол орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг мартаж орхив уу. Түүхий тосыг хоолойгоор урсгахын тулд хоолойг халааж таарна аа даа. Өдөр шөнийн 24 цагийн турш цахилгаанаар халаана гэвэл тэр хэрээр мөнгө урсч өгөх юм бус уу. Өнөө наймаачид “ Гахайг бордоё гэвэл зургаан сараас хэтрүүлэх хэрэггүй. Өөрөө өөрийгөө идчихдэг юм” гэцгээдэг. Хоолой халаах гэж гачгаардсаар байгаад олсон жаахан ашгаа эрчим хүчний төлбөрт тавиад туучих юм бол үйлдвэр бариад яах юм. Өөр юмгүй дээ.
БНМАУ тээврийн хэрэгсэлтэй болж ирсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүнээ импортлосоор иржээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр импортын хэмжээ явж өгч буй. Өнгөрсөн оны байдлаар /2022он/ 1,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байх жишээний.
Монгол Улс газрын тосны салбарт 80 жилийн түүхтэй ч бодлогогүй явж ирсэн гэдэгтэй захын хүн санал нийлэх биз. Ямар бодлоготойдоо л шатахуун импортлон хурааж хуримтлуулсан ч юмгүй цаг мөнх валютын хомсдолд орж, урд хормойгоороо хойдохоо нөхсөөр 80 жил болсон нь үнэн шүү дээ. Өнгөрсөн оны байдлаар /2022 онд / 1,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, тэр хэрээр хэдэн арваар хэмжигдэх валют гадагшаа урссан байж таарна. Энэ их урсгалыг дотооддоо тогтоож чадах ганцхан арга нь түүхий тосоо дотооддоо боловсруулах явдал.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.