Эдийн засаг
Б.Ачитсан: Бид их хэмжээний нөөц илрүүлэх, цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх том зорилготой
Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Elixir Energy” компанийн Монгол дахь охин компани болох “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Ачитсантай ярилцлаа.
“Жи Өү Эйч” компани анх хэдэн онд байгуулагдсан, метан хийн салбарт хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Та бүхний хайгуулын ажил ямар шатандаа явж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?
Манай компани анх 2011 онд Австралид байгуулагдсан, Австралийн хөрөнгө оруулалттай. Компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн хувьд “Оюу толгой” төсөл олон улсын анхаарлын төвд байх үед Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах боломж, мөн Хятадын том зах зээл ойр байгааг харж нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын чиглэлд үйл ажиллагаа явуулах зорилготойгоор анх “Голден Хорд” нэртэй компаниа, дараа нь“Жи Өү Эйч” нэртэй охин компаниа Монголд байгуулсан. “Голден Хорд” гэх нэр нь их гүрнийг бэлгэдсэн буюу Батхааны Алтан ордны улс гэх утгатай. Харин Монголд компаниа бүртгүүлэхдээ Алтан орд гэх нэр нь түгээмэл байдаг учраас эхний үсгүүдээр бүртгүүлсэн байдаг. Ингээд 2011 онд Монголд орж ирээд нүүрсний давхаргын метан хий буюу уламжлалт бус байгалийн хийн хайгуул хийх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт өгөөд долоон жилийн дараа буюу 2018 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулсан. Долоон жил гэдэг багагүй хугацаа, ингэж удаан хүлээгдэх болсон шалтгаан нь тухайн үед Газрын тосны тухай хуульд уламжлалт бус газрын тосны талаарх хуулийн зохицуулалт байгаагүй. Тиймээс бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй, бид хуулиа шинэчилж байж гэрээ байгуулна гэх хариултыг өгсөн. Ингээд 2014 онд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан даруйд манай компани эрлийн гэрээ байгуулж, гэрээгээ дүгнүүлээд БХГ-г 2018 оны есдүгээр сард албан ёсоор байгуулсан. Манайх хууль шинэчлэгдсэнээс хойш БХГ байгуулсан анхны компани. Үүнээс өмнө гэвэл 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд 2004 онд Канадын хөрөнгө оруулалттай компани нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтын чиглэлд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулаад хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээний ажил хийчхээд, үйл ажиллагааг зогсооход гарсан байдаг. Манай компани Өмнөговь аймгийн зүүн долоон сумын нутгийг хамарсан Номгон IX талбайд үйл ажиллагаа явуулахаар нийт 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргаад нэг удаа сунгуулах боломжтой. Гэрээ байгуулсан цагаас хойг тав дахь жилдээ хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Төсөл нийт дөрвөн үе шаттай. Нэгдүгээр үе шатны ажил 2022 онд дуусч энэ жилээс хоёрдугаар шат руугаа орлоо. Эхний үе шатад бид нийт 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 14 орчим сая ам.доллар нь хайгуулын болон бусад зардалд гарсан. Үлдсэн нэг 1.2 сая орчим ам.доллар нь тусгай зөвшөөрлийн төлбөр болон гэрээний хүрээнд Засгийн газарт төлдөг төрөл бүрийн урамшуулал, төлбөрүүдэд тухайлбал, орон нутгийн үйл ажиллагаа, төлөөлөгчийн газрын дэмжих гэх мэт зардалд гарсан байх жишээтэй.
Хайгуулын ажлын хүрээнд манай компани нийт 50 орчим цооног өрөмдөж, 1100 орчим км тууш чичирхийллийн судалгааны ажил хийсэн байна. Үүний хоёр нь туршилтын ажлын цооног юм. Бид хайгуулын шинж чанартай өрөмдлөгийн ажлаас гадна хий агуулж байгаа нүүрсний сав газрыг тогтоогоод, тухайн сав газарт туршилтын журмаар хий болон шингэн шавхалтын ажлыг төлөвлөгөөний дагуу өнгөрсөн онд эхлүүлсэн, одоо үргэлжлээд явж байна. Ингээд шингэнээ шавхаж усан санд хуримтлуулаад аюулгүй байдлыг хангах үүднээс бамбардана. Энэхүү ажлын гол зорилго нь хий болон шингэний урсгалыг тогтоох буюу гарцыг нь тодорхойлох юм. Хуульд зааснаар туршилтын ажлыг зургаа хүртэлх сарын хугацаанд хийх ийм зохицуулалттай. Энэ зургаан сарын хугацаанд хий болон шингэний урсгал, хэр хэмжээтэйгээр гарч байна гэдгийг нь тогтооно. Ингэснээр цаашид газрын гүнд байгаа хийн нөөцийн хэмжээг тодорхойлоход нэг алхам урагшилж байгаа хэрэг.
Хийн салбарт ямар технологийг ашиглаж байна. Үйл ажиллагаа явуулж буй тухайн улс орноосоо шалтгаалж өөр байна уу эсвэл олон улсын тогтсон нэг стандарт бий юу?
Олборлолтын технологийн хувьд ялгаатай зүйл бий. Гэхдээ улс орны онцлог болоод геологийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тэс өөр байна гэж байхгүй. Харин хэвтээ болон босоо өрөмдлөг гэж бий. Манай улсад босоо өрөмдлөг хийдэг бол АНУ, Канад, Хятад гэх мэт газрын тос, хийн салбар өндөр хөгжчихсөн улс орнуудад газрын гүнд хэвтээ өрөмдлөгийг хийдэг. Энэ бол маш олон жил хөгжчихсөн бэлэн технологи. Хэрвээ нүүрсний үеүд нь нүх сүв багатай, нэвчүүлэх чанар муутай байвал олборлолтыг дэмжих зорилгоор буюу гарцыг нь нэмэгдүүлэхийн тулд нүүрсний үе дотуур хэвтээ өрөмдлөг хийдэг. Түүнээс бусад тохиолдолд уламжлалт газрын тосны олборлолттой ижил буюу цооног өрөмдөж хийг нь шавхаж аваад зах зээлд нийлүүлнэ. Газрын тос, хийн салбарын олборлолтын тухайд хатуу ашигт малтмал шиг хөрс хуулахгүй, бага диаметрт цооног өрөмдөж түүгээрээ хийгээ шавхаж хуримтлуулаад дамжуулах хоолойгоор түүхий эдээ нийлүүлдэг.
Танай компанийн зорилтот зээл зах юу вэ?
Мэдээж хэрэг том зураг л харж байгаа шүү дээ. Том зураг гэдэг нь өмнөд хөршийн зах зээл. Нөөц ихтэй байж л БНХАУ-ын зах зээлд нийлүүлнэ. Яагаад гэвэл холын зайд тээвэрлэхийн тулд мэдээж хийн хоолой байгуулна. Үүнд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тиймээс их хэмжээний баялаг хэрэг болж таарна аа даа. Одоо байгаа багахан хэмжээний баялагт тулгуурлаж хийн хоолой байгуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр том зураглал бол их хэмжээний хийн нөөцийг илрүүлэх, цаашлаад ирээдүйд Хятадын зах зээлд нийлүүлэх том зорилготой. Харин ойрын зорилт гэвэл мэдээж хамгийн боломжтой нь дотоодын зах зээл байна. Тухайлбал, бага оврын цахилгаан станц байгуулаад тэндээсээ төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм. Манай улс одоо ч эрчим хүчний дутагдалтай л байна шүү дээ. Тэгэхээр үүнийг нэг боломж гэж харж байгаа. Учир нь нүүрсний давхаргын метан хий хамгийн анх Австрали, Канад, АНУ гэх улсуудад түлхүү хөгжсөн. Манай компанийн хувьд Австралийн хөрөнгө оруулалттай учраас тухайн улсынхаа жишээг харж байгаа юм. Нүүрсний давхаргын метан хий Австралид анх хөгжиж гарч ирэхдээ нөөц тогтоогоод хийн станцууд байгуулж эрчим хүч үйлдвэрлэн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлсэн. Ингэж мөнгөн урсгал бий болгоод зах зээлд хөлөө олж боссон байдаг. Тэгэхээр Монголд энэ туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Богино хугацаандаа ийм боломж бий. Үүнээс гадна метан хий химийн салбарт бас нэлээн том байр суурь эзэлдэг. Тухайлбал, бордоо, уул уурхайн тэсэлгээний бодис ч үйлдвэрлэх зэргээр аж үйлдвэрийн салбарт томоохон суурь түүхий эд нь болдог. Тиймээс энэ чиглэлээр ч бас Монголдоо ашиглах боломжтой гэдгийг харсан. Монгол Улс бороо, тэсэлгээний бодисуудыг дандаа гадаадаас импортолдог, үүгээрээ ОХУ-аас бараг бүрэн хараат шахуу. Эдгээр импортыг орлох бүтээгдэхүүнийг бид дотооддоо үйлдвэрлэх боломж бий.
Газ үйлдвэрлэх гэх мэт энгийн хэрэглээг хангах нь танай зорилтот зах зээл биш гэсэн үг үү?
Монголчуудын хэрэглэж сурсан газ, тухайлбал, Дашваанжил нь нэг ёсондоо газрын тосыг дагалдах дагавар бүтээгдэхүүн. Энэ нь бидний ярьж байгаа хийнээс арай өөр чанартай. Өөрөөр хэлбэл пропан, бутан гэсэн үг. Харин бидний ярьж байгаа нь байгалийн буюу метан хий юм. Метан хий нь ямар онцлогтой вэ гэхээр -160, -170 градус хүртэл шингэрэхгүй, хөлдөхгүй. Гэтэл ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа пропан бутан хийнүүд болохоор -20-30 градус хүртэл тэсвэртэй гэж үзээд байх шиг байгаа юм. Ер нь аль алийг нь ахуйн хэрэглээнд хэрэглэх бүрэн боломжтой. Байгалийн хийгээр ахуйн хийг оруулж болно. Ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх талаар Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам хамтарч хийсэн дэд бүтцийн судалгааны ажлууд бий. ТЭЗҮ хийгдэж байгаа гэж ойлгосон. Шугам хоолой татаж айл өрх бүрд холбоно гэдэг ойрын хугацаанд хийхэд нэлээд бэрх ажил шүү дээ. Дээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт, хөдөлмөр шаардана. Маш том дэд бүтцийн асуудал яригдаж байгаа учраас хувийн хэвшил дангаараа хийх ажил биш. Бид хувийн хэвшлийн компани учраас шууд зах зээлд хүргэхийн тулд ойрын хугацаанд биелэх боломжтой ажлууд руу зорьж байна. Тухайлбал, эрчим хүч үйлдвэрлэх, бага оврын үйлдвэр байгуулж, шингэрүүлээд түлш болгож ашиглах, нүүрс тээвэрт явж байгаа том оврын ачааны машинуудыг байгалийн хийгээр ажилладаг болгох, амиак үйлдвэрлэх гэх мэт. Үүнд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ болохгүй зүйл биш, хийх боломжтой ажлууд юм.
Та түрүүн хоёр туршилт хийсэн гэж ярьсан. Туршилтын үр дүн хэр гарсан бэ, хүлээлтэд хүрсэн үү?
Туршилтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Манай үйл ажиллагаа явуулж буй талбайн хэмжээ 30 мянган метр квадрат буюу Бельги улсын газар нутагтай тэнцэхүйц. Өөрөөр хэлбэл бид Европын нэг улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний маш том талбайд хайгуул хийж байна. Хайгуулын чанартай өрөмдлөгүүдийг хийгээд хий байх магадлалтай нэг дэд сав газар тогтоосон. Ингээд 2022 онд туршилтаар хоёр цооног өрөмдөж, хий шавхах ажлаа эхлүүлсэн. Хий маш хурдан гарч эхэлсэн одоогоор бамбардалтын ажил үргэлжилж байгаа учраас хийн гарц тогтворжоогүй, ер нь хэлбэлзэх маягтай, үр дүн ярихад хараахан эрт. Гэхдээ ажил тасалдалгүй, хэвийн үргэлжилж байна. Бамбардалт хийж байгаа нь манай компани төдийгүй Монгол Улсын хувьд нэлээдгүй ололт амжилт гэж харж байгаа. Учир нь Монгол Улсад байгалийн хий байхгүй юм байна гэдэг тийм ойлголт олон жил үргэлжилсэн. Гэтэл бид байгааг ямар ч байсан тогтоочихлоо. Одоо гагцхүү хэр их байгаа, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй эсэхийг л тогтоох үлдээд байна. Энэ дэд талбайн хэмжээ нь 40 километр квадрат. Гэтэл бид 30 мянган километр квадрат талбайд хайгуул хийж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашид ирээдүй буюу нөөц боломж бий гэж харж байгаа. Манай компаниас гадна гурав, дөрөв дэх компани энэ салбарт БГХ байгуулаад явж байна.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгардаг нэг зүйл нь орон нутгийн эсэргүүцэл . Танай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд орон нутгийн эсэргүүцэлтэй хэр их тулгарч байв?
Ер нь тийм хүндрэлүүд гаралгүй яах вэ. Гэхдээ өргөн утгаар нь харвал хоёулаа эрдэс баялгийн салбар хэдий ч тусдаа хуулиар зохицуулагддаг. Уул уурхайн буюу ашигт малтмалын салбар Ашигт малтмалын тухай хуулиар буюу татвараар харин газрын тосны салбарын тухайд БХГ-ээр зохицуулагддаг. Тодруулбал, нэг талдаа хувийн компаниуд эрсдэлээ үүрээд нөгөө талдаа ЗГ, төрийн төлөөлөл буюу Ашигт малтмал газрын тосны газар гэрээний нэг талд хамтрагчаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс орон нутгийнхантайгаа ямар нэг байдлаар харилцах, зөвшилцөх тохиолдолд АМГТГ байнгын оролцоотой байж бидэнд дэмжлэг үзүүлдэг. Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байхгүй учраас зарим тохиолдолд орон нутагтайгаа харилцахад хүндрэл бэрхшээл гарна. Мөн хуульд болон гэрээгээр хандивын хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлачихсан байдаг учраас бид шахаж шаардсан болгонд хандив тусламж үзүүлээд байж чаддаггүй. Гэхдээ орон нутагтайгаа ойлголцох тал дээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй зарим нэг компаниудыг бодвол харьцангуй гайгүй юм уу гэж хардаг. Хоёрдугаарт хатуу ашигт малтмалыг бодвол хөрс хөндөх нь бага учраас орон нутгийн эсэргүүцэл бага ч уул уурхай гэсэн ерөнхий ойлголтоос болж бэрхшээлүүд гарна. Манай компанийн хувьд орон нутагтайгаа байнгын харилцаатай байж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, ковид цар тахлын үед орон нутагтаа мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, витаминжуулах аяныг зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн тухайд орон нутагтайгаа хамтраад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд таван га газарт мод тарьж ургуулсан зэргээр орон нутагт хэрэгтэй, үр өгөөжөө өгөх ажлууд хийхийг эрмэлздэг.
Уул уурхайн компаниудад тухайн сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нэг шаардлага тавьдаг. Танай компанийн хувьд үйл ажиллагаа явуулж буй сум орон нутгаасаа хэчнээн хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Метан хий харьцангуй шинэ салбар, дээр нь техник технологийн хөгжлийг их ашигладаг учраас цөөн хүнтэй ажиллах шаардлага ер нь гарч байна уу?
Ажиллах хүчний тухайд ярихад хэд хэдэн суурь хүчин зүйлийг дурдах хэрэгтэй болов уу. Ашигт малтмалтай харьцуулахад газрын тос, хийн салбарт цөөн хүн ажиллах боломжтой. БХГ-нд аль болох дотоодын компаниудаа дэмжих ёстой гэсэн заалт бий. Тиймээс манай компани үүнийг хэрэгжүүлэхийг хичээн ажилладаг. Энэ боломж нь ч бүрдчихсэн гэж харж байгаа. Газрын тосны хайгуул, өрөмдлөг маш их хөрөнгө шаарддагаас гадна эрсдэл ихтэй. Газрын гүн рүү 2000-3000 метр хүртэл өрөмддөг. Энэ хэмжээний гүнд өрөмдлөг хийхийн тулд маш үнэтэй тоног төхөөрөмж ашигладаг. Гэтэл үүнийг ажиллуулж чадах хүн хүчтэй, мөн тоног төхөөмжтэй дотоодын компани одоогоор байхгүй гэж бодож байна. Ихэвчлэн Хятадын, ганц нэг барууны компаниуд байх шиг байна. Тэгэхээр газрын тосны өрөмдлөг хийхийн тулд хүссэн хүсээгүй гаднын компанийг оруулж ирэх болчхож байгаа юм. Харин нүүрсний давхаргын метан хийн тухайд харьцангуй гүехэн буюу 800-1000 метр хүртэл өрөмддөг учраас энэ хэмжээний өрөмдлөгийг хийх тоног төхөөрөмжтэй, туршлагатай боловсон хүчинтэй дотоодын компаниуд бол бий. Тиймээс манай компанийн хувьд, метан хийн салбарт дотоодын өрөмдлөгийн компаниудтай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Чичирхийллийн хувьд ч мөн адил, бид дотоодын компаниудтай хамтран ажилладаг. Өрөмдлөг гэхэд л дотоодын гурван компанитай хамтарч ажилласан байна. Мөн дээр нь байгаль орчин болон туршилтын ажлын чиглэлээр туслан гүйцэтгэгч компаниуд бүгд Монголд бүртгэлтэй, дотоодынх байна. Дотоодын компаниудаа зуун хувь дэмжиж хамтарч ажилладаг гэхэд буруудахгүй болов уу. Гагцхүү өрөмдлөг, чичирхийллийн мэдээллийг боловсруулах гэх мэт нарийн мэдлэг, ур чадвар шаардсан технологийн ажлуудад гаднын мэргэжилтнүүдийг авч ажиллуулах шаардлага үүссэн.
Манай компани 2022 оны байдлаар нийт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, үүний тавыг нь орон нутгаас авч ажиллуулсан байна.
Танай компанийн хайгуул хийж буй 30 мянган километр квадрат талбайн нийт таамаг буюу тойм нөөц гэж урьдчилсан байдлаар гарсан уу?
Таамаг нөөц гэх хүний ой тоонд багтахааргүй тоо бий. Үүнийг нарийвчилж авч үзэхийн тулд хайгуул хийгээд, эхний ээлжид түрүүн хэлсэн 40 километр квадрат талбайд хэр хэмжээний нөөц байна вэ гэдгийг үзэх туршилтын олборлолт хийж байгаа юм. Туршилтын олборлолт хийсэн 40 километр квадрат талбайд гэхэд л хоёр тэрбум куб метр хий байх боломжтой гэж гарсан. Бодит нөөц хэд байгааг тогтоох ажил одоо хийгдэж байна. Ерөнхийдөө процесс яаж явдаг вэ гэхээр эхлээд нийт талбайд хайгуул хийж, нүүрсний үеүдэд хий байгаа эсэхийг тогтоож, хийнээс дээж авч, хэмжилтүүдийг хийнэ. Тодруулбал, найрлага, нүүрсний чанар үзэх шинжилгээнүүд хийгддэг.
Энэ онд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Энэ онд төслийн хоёр дахь шатны эхний үе эхэлж байна. Төлөвлөгөө ёсоор шинэ дэд сав газарт нээлт хийнэ. Нээлт хийгээд хий байна гэж үзвэл дараагийн ажил буюу туршилтын олборлолт хийх төлөвлөгөөтэй байна.
Уул уурхай дагасан сум харьцангуй хөгжил сайтай байдаг. Та бүхний хувьд Номгон суманд хожмоо танай компаниар овоглож үлдэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, бодит бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө, мөн орон нутгийн иргэд, удирдлагуудын зүгээс тавьж байгаа шаардлага юу байна вэ?
БХГ-нд заасны дагуу бид орон нутгийн хөгжүүлэх санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх ёстой байдаг. Энэ гэрээг аймгийн удирдлагатай нь байгуулдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2024 он хүртэл метан хий, сэргээгдэх эрчим хүч гэх мэт салбаруудыг маш сайн дэмжиж ажиллана гээд тусгачихсан. Энэ мөрийн хөтөлбөрийг дагуу ЗДТГ нь ажилладаг. Бидний хувьд мөрийн хөтөлбөрөө л маш сайн хэрэгжүүл гэдэг, тэгээд орон нутгийн хөгжлийн санд нь мөнгөө төвлөрүүлдэг. Харин аймгийн зүгээс манай үйл ажиллагаа явуулж буй сумдад тухайн мөнгийг хэрхэн яаж хуваарилах вэ гэдгийг шийддэг. Бидний зүгээс хүсэлтээ тавина. Мод тарих санаачилгын тухайд орон нутаг нааштай хүлээж авч хэрэгжүүлсэн, цөлжилтийн эсрэг гэдэг утгаараа. Өмнөговь аймагт цөлжилт нэлээн тулгамдсан асуудал болчхоод байгаа шүү дээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.