Спорт
Д.Анар: Дорнод түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ баяртай явдаг юм
Ч.Чулуунцэцэг
Монгол Улсын заан Д.Анартай уламжлалт цагаан сард зориулсан үндэсний бөхийн барилдааны өмнөх өдөр ярилцсанаа уншигч танд хүргэе.
– Цагаан сард зориулсан үндэсний бөхийн барилдааныг тэр жилийн наадмын өнгийг тодорхойлдог хэмээдэг. Танай галын бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдав?
– Монголын уламжлалт цагаан сарыг тохиолдуулан зочин хоймортоо урьсанд талархаж байна. “Дорнын хүчтэн” бөхийн дэвжээний бөхчүүдийн бэлтгэл ерөнхийдөө хангагдсан гэж хэлж болно. Манай дэвжээнийхэн энэ удаагийн бэлтгэлээ төмөр замын Баянбуурал амралтын газар хангасан. Найман бөх зодоглоно. Энэ жилийн барилдаан их сайхан болох байх. Нутаг нутгийн нэртэй, цолтой олон сайхан бөх барилдахаар нэрээ өгсөн байна лээ. Бөхчүүд цагаан сарын барилдаанд онцгой ач холбогдол өгөх нь бий. Учир нь улсын их баяр наадмын өнгийг тодорхойлохын сацуу уг барилдаанд тавын даваанаас дээш барилдсан бөхчүүд улсын цолонд хүрдэг хэмээн бэлгэшээдэг.
– Таны удам судар сонирхлыг минь татаад байна?
Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аавын маань өвөө, миний өндөр дээд өвөг маань Даншигийн харцага цолтой бөх байсан. Харин ээжийн маань талд цэргийн заан хүн байсан гэнэ лээ.
- Дорнод аймгийн Дашбалбар сумынхаа тухай, ах эгч нарынхаа талаар хууч дэлгэвэл?
Миний хүүхэд ахуй насны бүхий л сайхан дурсамж Дашбалбар сумтай салшгүй холбоотой. Би багадаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан. Хашааны орой, байшингийн дээвэр дээгүүр л харайлгаж явах. Зун нь хамаатныдаа очиж хурга, ишиг хариулна. Овоо том болоод адуунд явдаг болсон. Адуугаа хураагаад гэрийн зүг эргэхэд нар мандаж байдаг. Энэ л гайхамшигт агшныг морины нуруун дээрээс харна гэдэг жаргал шүү. Би нутгаа их санадаг. Ажил бүтэхгүй, сэтгэл санаа тиймхэн байх аваас нутаг руугаа давхидаг. Аймгийн төвийн хаалга дээр ирээд машинаасаа буун биеийн чилээ гарган суниахад л сэтгэл сэргээд ирж байгаа юм чинь.
Би ээжийнхээ “өмч” нь. Уг нь манайх найман хүүхэдтэй айл. Миний дээр дөрвөн ах, гурван эгч бий. Би аавыгаа мэддэггүй юм. Намайг нялх байхад нас барсан тул ижий минь бусдаас онцолж эрхлүүлсэн хэрэг. Миний ээж хатуу талдаа хүн. Цэл залуугаараа ханиа алдаж, найман хүүхдээ өсгөх гэж их зовсон учраас тэр биз. Миний аав нутаг усандаа нэртэй уран дархан хүн байсан. Дорж дархан гэхээр сийлбэрчид анддаггүй юм билээ. Гэрлэх ёслолын ордны хаалган дээрх сийлбэр чинь миний аавын бүтээл. Албан байгууллагуудын ханан дээрх томоохон бүтээлүүдэд сэтгэл оюунаа зориулж, гар бие оролцож явсан талаар ээж минь хуучилдаг. Аавын авьяасыг өвлөж сийлбэрч болсон хүн манай гэр бүлд байхгүй ч ах нар маань дор бүрнээ гарын уртай. Хазаар, ногт, чөдөр, уураг зэргийг эвлэгхэн зангиддаг юм.
– Олон ах, эгчтэй хүүхдүүд цаана аа л додгир байдаг. Таны хувьд?
Үнэхээр тийм. Дээрээ дөрвөн ахтай хүн чинь хэнээс айх юм. Сайхан ах нарынхаа буянд эцгийн хайраар дуталгүй өссөн шүү. Өөрөө хэрэг тарьчихаад ах нараараа өмөөрүүлж явсан үе бий. Ах нараас минь айгаад хүүхдүүд намайг дээрэлхэж чаддаггүй байсан. Найз нар маань намайг айхыг мэддэггүй нөхөр гэлцдэг. Энэ бол ах нарын буян шүү дээ. Эл зан миний амжилтад, амьдралд сайнаар нөлөөлсөн гэж боддог. Аливаа асуудлыг шийдэхэд зоригмог байж, ул суурьтай хандах ёстой биз дээ.
-Бөх болох хүсэл хэзээ төрж, зам мөр тань хэрхэн тавигдав?
– Насан туршдаа баярлаж явах учиртай хүн бол миний багш, найз хоёр маань. Сумынхаа сургуульд нэгдүгээр ангид элссэн тэр намар самбо бөхийн спортын мастер, цэргийн начин н.Мөнхжаргал багш маань нэгдүгээр ангийн бүх эрэгтэй хүүхдүүдийг хооронд нь барилдуулсан. Тэр барилдаанд би түрүүлж удалгүй сургуулийнхаа бөхийн секцэд явсан. Тухайн үед би үеийнхээ хүүхдүүдийг бодвол арай өсгөлүүн байсан. Настай хүмүүс намайг бөх болж мэдэх хүү шүү гэж урамшуулна. Манай гэрийнхэн ах, эгч нар маань ч гэсэн их дэмжинэ. Аймаг, сумын бөхийн барилдаануудад оролцох үед чадлаараа тусалдаг байсан нь их спортод сэтгэл зүрхээ өгөхийн суурь болсон гэж би хувьдаа боддог. Барилдах тусам би өөрөө бөхөд хайртай болсон. Арван жилийн дөрөвдүгээр ангийн жаахан хүү сумын наадам болоход бөхийн барилдааныг эхнээс нь дуустал хоёр өдөр өглөөнөөс, орой хүртэл үздэг байсан гээд төсөөл дөө. Цол гуншингаа дуудуулж буй сумынхаа бөхчүүдийг хараад эдэн шиг л сайн бөх болох юмсан гэж битүүхэндээ бодох болсон. Мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж л явна.
– Төрийн наадамд зодоглож Дорнод аймгийн бөх Доржийн Анар хэмээн цоллуулсан анхны тэр мартагдашгүй агшныг хамтдаа дурсвал?
-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэв багшийгаа энэ ярианы эхэнд дурдах нь зүйтэй. Анх Улаанбаатар хотод орж ирээд Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Улмаар ахлах сургуульдаа Япон улсад жүдо бөхөөр хичээллэх том боломж олдсон. Сургуулиа төгсч ирээд 2012 онд 22 настайдаа Дорнод аймгийнхаа баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн. Дараа жил нь улсын наадамд зодоглосон. Улсын наадамд анх удаа барилдаж, аварга арслан, заануудыг дэргэдээс нь харахад үнэхээр сүрдмээр шүү. Улсын цол авах тухай бодож ч байгаагүй. Давж дийлэхгүй том даваа шиг л санагдаж байлаа. Чамгүй бэлтгэл хийсний хүчинд 2014 онд улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан. Буруутай ч юм шиг санагдаж байсан, бас үнэн гэж үү гэж бодогдоод л. Тэр хэрээр маш их урам зориг, итгэлийг олж авсан. Тэр жилдээ начин цолны үзүүрээс атгаад алдсан ч шантрах бодол огт төрөөгүй. Яагаад гэвэл бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийвэл улсын цол ойрхон байдаг юм байна гэх итгэлийн гал миний дотор дүрэлзэж байлаа. Тэгээд дараа жил нь дутуугаа дүүргэж Дорнодчуудын арван жил хүлээсэн улсын начин цолонд хүрсэн. Нутгийн минь уулс надтай хамт өндөлзсөн болов уу. Тэр дундаа Дашбалбар сумынхан маань магнайгаа тэнийтэл баярласан байх. Гэхдээ манай аймгийнхан бөх гэхээсээ илүү хурдан моринд ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Улсын цолонд хүрсэн бөх хүний хувьд хойч үеэ бэлтгээд эхэлсэн. Тэдэнд маань дэмжлэг туслалцаа хэрэгтэй л байх юм. Барилдсан наадам болгон маань надад сайхан дурсамж үлдээдэг. Дашрамд өгүүлэхэд, миний хүний зэрэгтэй яваа минь нутгийн олны хүүгээ гэсэн сэтгэлийн залбиралын үр шим юм шүү дээ. Бас бэлтгэл сургуулилтаа сайн хийхэд бүхий л талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж ирсэн Шинь шинь компаний хамт олондоо талархаж явдгаа онцолж хэлэх байна.
-Хамгийн анхны наадмын дээлийг тань хэн хийж өгсөн бэ?
-Хамгийн анх улсын наадамд барилдахаар явахдаа наадмын дээлээ Нарантуул захаас худалдаж авсан. Тэрнээс өмнө, арван жилийн хүүхэд байхдаа ангийнхаа хүүхдүүдийн дээлийг гуйж өмсөөд л явна. Багадна аа. Жүдо бөхөөр нэлээн хэдэн жил хичээллэсэн болохоор үндэсний бөхийнхөө дэг жаягийг хожуу сурсан. Үнэндээ үндэсний бөх гэхээр зодог, шуудаг, монгол гуталтай байхад л болчих юм шиг санаж явлаа. Энд тэнд явж, аймаг сумдын наадамд барилдахаар очсон бөхчүүд өнгө өнгийн шинэ дээл, бүстэй байхыг хараад бөх хүн ийм л байдаг юм байна гэж харж, суралцаж эхэлсэн. Сумандаа түрүүлчихээд аймагт барилдахаар ирэхдээ өөрийн гэсэн дээл, бүсгүй хүн яаж олигтой барилдах вэ дээ гэж дотроо бодоод өөртөө анхныхаа дээлийг худалдаж авсан. Буянтай сайхан тэр дээлээ одоо ч нандигнан хадгалдаг.
– Бөх сонирхогчдын тааварт Д.Анар гэдэг нэр бичигдэж, хүмүүс таниад ирэхийн цагт өөрийн эрхгүй омогших сэтгэл төрдөг юм байна уу?
-Ц.Шийрэв багш маань намайг Япон явуулсан нь их учиртай байсан юм билээ. Би хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж дээр өгүүлсэн. Шилжилтийн нас гэгддэг 15, 16 настай эрэгтэй хүүхдийг зөв удирдахгүй бол хаашаа ч хазайж болно. Миний хувьд барилдах дөр суун түүндээ бардаад асуудалд орж мэдэхээр байсан юм билээ. Тиймээс багш минь хатуу бэрхийг үзэг, үг сонсч сураг гээд япон явуулсан хэрэг. Японд суралцсан хэдэн жилд миний ханд хага дарагдсан. Хүн ямар байх ёстойг тэнд сурсан. Одоо ч тэнд сурсан зүйл маань үе үе бодогдож, тэр хэрээр өөрийгөө дарж хэр баргийн хүний хэлсэнд үгэнд хөөрч гүйж, гутарч суухааргүй хатуужилтай болсон.
–Цагаан сарын барилдаанд анх удаа барилдахаар бөхийн өргөөний дэвжээнээ гарсан дурсамжаа хуваалцвал?
-Япон явж ирээд удаагүй байсан үе л дээ. Тухайн үед “жүдо бөхөөр л дагнаж хичээллэе” гэж боддог, үндэсний бөхийг нэг их тоодоггүй байлаа. Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болоход багш нар барилд гэж загнаад оруулчихсан. Зодог шуудгаа цүнхлэн “Бөхийн өргөөн”-д очлоо. Бөхийн өргөөний босгыг анх удаагаа давж байгаа нь тэр. Ерөнхийдөө монгол бөхийн зодог шуудагтай л жүдоч барилдсан даа.
Гурвын даваанд одоогийн улсын начин А.Алтанхуяг амлахад нь давхар тохоод унагасан. Дөрвийн нугалаан дээр улсын арслан Р.Пүрэвдагватай оноолт таарсан. Тэр үед аймгийн хурц арслан цолтой байхад нь залуу бөх таарч барилдаад өвдөг шороодож байлаа. Энэ цагаас хойш л заалны барилдаанд очих юм шүү гэх бодолтой болсон. Урам зориг ч төрсөн.
Сумын цолтнуудын барилдаанд алгасалгүй барилдана. Тэр үед чинь аварга Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Г.Ганжад, аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, цэргийн начин Б.Энхсайхан гээд л адилхан сумын заан цолтой бөхчүүд хоорондоо гоё өрсөлддөг байлаа шүү дээ. Аварга Оюунболд бид хоёр их олон удаа тунаж барилдсан. Энэ маань 2011 оны өвөл шүү дээ. Түүнээс хойш л миний амжилт шат шатаар ахисан.
–Бөх барилдана гэдэг тэр чигээрээ сэтгэл зүйн тулаан гэж та хэлсэн. Барилдааны үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Би үүнийг их спортын ач тус гэж боддог. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлдөж байсан болохоор айж сүрдээд байдаггүй. Ер нь тэгээд бэлтгэл сайн хийсэн хүнд элдэв янзын юм бодол орж ирээд байдаггүй, сэтгэл зүй өндөртэй байдаг. Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан хоёр багш маань надад итгэл хүлээлгэж том тэмцээнүүдэд олон ч удаа авч явсан даа. Намайг их хурцалж өгнө. Тунасан хүнд барилдааны үед хоёр багшийн маань бэлтгэлийн арга барил их хэрэг болдог. Б.Ганбаатар багш маань Х.Цагаанбаатар гавьяатыг 19 настай байхад нь бэлдэж олимпын хүрэл медаль авахуулсан гавьяатай нэгэн. Олон мундаг шавьтай хүн. Баярлаж явдаг юм, багшдаа.
-Ингэхэд ээжийнхээ ачийг хэр сайн хариулж яваа гэж боддог вэ?
-Маш том мөрөөдөл гэвэл ээждээ байр авч өгөх явдал байлаа. “Монгол Улсын заан” цолыг 2019 онд хүртэх үед Кёкүшюүзан Д.Батбаяр ах надад байр бэлэглэсэн. Тэр байраа ээждээ өгөхөөр шийдээд “Хүү нь ээжийгээ байранд оруулна” гэж хэлсэн. Тэгтэл ээж маань тэр сургаар хэдхэн хоногийн дотор нүүх бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Үе үе утас дуугарна, харахаар ээж. Тэгээд “Миний хүү байр нь юу болж байна вэ” гэж асууна. Нүүнэ гээд хамаг юм аа бэлдсэн болохоор аргагүй л дээ. Төд удалгүй ээжийгээ хүссэн байранд нь оруулж, мөрөөдлөө биелүүлсэн. Байрных нь түлхүүрийг гардуулж өгөх үед ээж бид хоёр хоёулаа баярын нулимс унагаасан даа. Амьдрал сайхан шүү. Ядарч явсан ээж минь өнөөдөр хүүгийнхээ буянаар паартай байшинд өөрийнхөө жаргалаар жаргаж суугаа. Үрс нь өсч өндийн олон айл болж, үрээгээ танихгүй болтлоо өнөр өтгөн болсон. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Бусад15 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм20 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна