Эдийн засаг
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх, гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, цахим бүртгэлтэй байх, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлсон. Мөн хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100,000,000 (зуун сая) төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг, түүнээс дээш тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулсан. Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглосон бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүүг тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагаадийн байгууллагад даруй мэдэгддэг байх, зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг санхүүгийн мэргэжлийн оролцогч болгон чадавхжуулах, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийг өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийн хохирогч болохоос сэргийлэх, хулгайн эд зүйлсийг барьцаалан зээл авах үйлдлийг бууруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.