Улс төр
Тороол
Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийтлэл
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Troll бол цахим орчимд тархсан хэллэг. Тороолын мөн чанарыг олон янзаар тодорхойлдог. Хамгийн түгээмэл нь цахим орчинд бусдыг гутаах зорилготой цуурхал тараах, яс хаях, хэрүүл үүсгэхэд чиглэсэн санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг. Олны анхаарлыг сарниулах, шууруулах, хөөрөлд автуулах замаар төлөвлөснөө хэрэгжүүлэх арга ч гэж үздэг. Бусдыг муулж, зохиомжилж, түгээж сэтгэл санааны гутралд оруулж, золиосныхоо өвдөлт, хохирол, зовлонгоос таашаал авах үзэгдлийг ч тороол гэж нэрлэх нь давамгай.
Үүсэл нэршлийн тухайд
Тороол бол интернэттэй цуг үүссэн зүйл биш юм. Олны дунд хэрүүл тарих, нийгмийн сэтгэл зүйг үймүүлэх, хордуулах, түүндээ гаршиж ашиг хонжоо хайх бол хүн сүргийн дунд үүссэн эртний үзэгдэл. Үүний хор уршгийн талаар дундад зууны үед хүмүүс ярилцах, жигших болж тэр тухай нэршил үүсч, аман болон бичгийн соёлоор өргөн тархжээ.
Тороол гэдэг үг хэллэгийг Европчууд олон зууны өмнөөс хэрэглэж ирж. Тэдний аман яриа, үлгэр домог, урлагт муу талын дүр, жишээ, биелэл мэтээр дүрслэгддэг. Тороолыг тэд чөтгөр, шулам гэж үздэг. Хүн дүрстэй атлаа эвэртэй, араатан шиг араа шүдтэй, урт гар хөл хумстай, гэнэт харагдаж үзэгдвээс айж цочмоор. Тэр шулам цусаар умдаалж ёдор мод унадаг гэж ярилцдаг.
Орчин цагт тороол гэх ойлголт дэлхийн бусад тив, улс оронд ч түгээмэл болжээ. Тухайлбал манай урд хөрш – Хятад улсад тороолын нэршил, дүрслэл өөр боловч уг чанар нь бусад газрынхтай адил юм. Хятадууд тороолыг “цагаан чивт” гэж нэрлэдэг тухай цахим лавлагаанд бичжээ. Учир мэдэхгүй, дур хүслээ захирах чадваргүй, өөрийн толгойгүй биет байдлаар тодорхойлох аж. Мөн цөцгийг нь цагаа унаж тагласан хүн мэтээр цагаан нүдэт, цагаат гэж бас хэлдэг. Өөрийн гайг харахгүй, бусдын мууд дурлагчийн нэр юм. Мөн Япончууд тороолыг “хог таригч” гэж шууд хаяглажээ.
Латин Америкт тороолын тухай хэвшсэн ойлголт ч бас бий. Тэд тороолтой хэрэлдэхийг цээрлэдэг аж. Тороолтой орооцолдох нь тагтаатай шатар нүүхтэй ижил гэж үздэг. Тагтаа шатрын өргийг тарааж, сангас баасаараа бузарлаад ялагчийн дүрээр нисэн оддог. Тиймээс тэдэнтэй ухаан уралдуулах утгагүй гэж бичжээ. Тороолд хандах иймэрхүү байдал хаа сайгүй түгээмэл болжээ. “Don’t feed trolls”. “Тороолыг бүү хоолло”, гэх нь “Нохойг битгий хоолло” гэсэнтэй утга ижил юм.
Тороол ба Монгол
Монголчуудын хувьд “Тороол” гэж нэрлээгүй ч тороол маягийн муу үйл, түүний хор уршгийг цээрлэсээр иржээ. Ялангуяа чөтгөр шулам, буг, муу шүглэлээс өөрийгөө болон ойр тойрноо хамгаалах арга, жаягтай байж. Чөтгөр шулам сониуч учир – шатрыг өрөгтэй нь, шагайг орхиод үлдээх гэх мэт. Тэр муу зүгийн юмнууд шагай, шатрын дүрс сонирхон сатаардаг гэж үздэг. Энэ тухай ээж минь намайг бага байхад ярьж “Шагай, шатрыг өрөөстэй хонуулах нь гэмгүй” гэдэгсэн. Тэгээд үүр цайхаар нөгөө сүнс, чөтгөрүүд алга болдог тухай ч домог бий. Хамгийн түгээмэл нь монголчууд малын толгойны ясны ухархай, сүүжний нүхийг сэтэлж хаядаг. Тэнд муу юм шүгэлж үлдэнэ гэж үздэг.
Монгол түмний машид эрхэмлэдэг эрдэнэ нь үр хүүхэд, нялхас өтгөс нь билээ. Тэднийг муу санаатан айж цочоох бий, бодол сэтгэл, биед нь муу юм шингэх, шүглэх бий гэж ихэд болгоомжилдог. Шуламыг “Бушхүүгийн үлгэр”-т хэрхэн дүрсэлснийг хүмүүс мэднэ. Манайхны шулам чөтгөрт хандах хандлага “Тороол” хэмээх цахим үзэгдэлтэй холбогдох нь хол мэт санагдаж болох. Гэвч цахим шуламын тухай болгоомжилсон яриа, түүнийг жигшсэн хандлага, тийм дуу хоолой өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Монголчууд хар хэл амыг машид цээрлэдэг. Тийм зүйл нь хүний сүлд хийморь, амжилт бүтээлийг доройтуулдаг гэж үздэг. Зарим нэг муу амтай, хараал хэрүүл тарьж явдаг хүнийг “Хар хэл”-тэй гэж ярьцгаадаг. Иймээс ч манайд муу хэл амнаас ангид байх, түүнийг хариулах, засал хийх зэрэг зан үйл ихэд дэлгэрсэн. Энгийнээр бол сэтгэлийн дархлаагаа хамгаалах, сэргээх, эмчлэх гэсэн арга юм.
Гэтэл энэ цээрлэл хүлээх муу үйл нь манай улсад маш олон хүний ажил амьдралын хэм хэмжээ болоод зогсохгүй, явцуу зорилго бүхий үйлдвэрлэл үйлчилгээ болон хүрээгээ тэлж байна. Тороолын аюулд өртөөгүй бүтэн сайн нэртэн, сайхан үйлстэн бараг байхгүй болжээ. Энэхүү шуламын хорлол, тороолын сүлжээ нь манай ихэнх байгууллага, айл гэрийг эзэлжээ.
Монголын төрийг ч хулгайлахаас сийхгүй болжээ. Монголд зарим орон шиг мөрдөстүүд биш “лалар”-ын арми эргэлт хийхэд ойрхон болсон мэт. Монголчууд төрийнхөө сүлдэнд залбирч ирсэн ард түмэн. Бидний сүлдэндээ залбирах утга нь түүний нийтлэг чанарт, ариун нандин, шулуун шударгуу, эрхэм нийгүүлсэлд байдаг. Төрийн сүлдэнд муу юм халдах, шүглэх учиргүй.
Төр бол бидний хувьд эрхэм ойлголт. Монголын төрийн эзэд нь Монголын ард түмэн юм. Ард түмэн гэдэгт өвгөд өтгөсөөс авахуулаад нялх балчирууд хүртэл Монгол улсын иргэн бүр орно. Ард түмэн гэдэгт төрийн албан хаагчид ч орно, хувийн хэвшлийнхэн ч орно. Цэрэг нь ч орно, дарга нь ч орно. Ажилтай нь ч орно, ажилгүй нь ч орно. Бүгдийг төлөөлөх чадвар бол төрийн эрхэм чанар юм.
Харин тороол бол үүний эсрэг, Монголын төрд харш үзэгдэл. Тороолын халдвар Монголын төрд ноёрхох учиргүй. Нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулах, тийм үйл ажиллагааг зохион байгуулах нь Монгол төрийн ажил биш. Энэ үзэгдлийг бусад улс орон ард түмэн ч жигшиж байна. Иймээс тороолыг, тороолдохыг “аюултай зэвсэг”-ийн тоонд оруулан тооцож байна. Энэ логсуу, жигшим байдлыг хэрхэн хазаарлах, хязгаарлах тухай ярилцаж, судалж байна.
Troll-ыг монголоор юу гэж нэрлэх вэ? Миний эхний сонголт бол дуудлагаар нь монголчлох юм. Troll-ыг тороол гэж хэлж, дуудаж, бичиж хэвших. Тросс гэдэг үгийг тороос гэж хэлдэгтэй ижил. Troll-ыг нийтлэг хандлагаар нь “цахим шулам” гэж орчуулж болно. Нэг үгийг хоёр үгээр, бүр холын хоёр өөр ойлголтоор төлөөлүүлэх нь тийм ч оновчтой биш. Тиймээс цахимын “Ц”-г авч, шуламын “Ш”-ийг хасч нэг үг болговол утга агуулгын хувьд тун ойр нэр үг, бас үйл үг үүсч болохоор байгаа юм. Миний сонголт бол “Цахим шулам”-ыг “Цулам” гэж нэрлэх. Үүнээс цааш миний бие цулам гэж бичиг, яриандаа хэрэглэх болно.
Цуламын аюул ба хөөрсөн цөс
Энэ бол өнөөгийн соёлт хүн төрөлхтний шуугиж байгаа нэг гол сэдэв юм. Томоор ярьвал энэ тухай НҮБ, Европын Холбоо, Дэлхийн эдийн засгийн чуулганы түвшинд, нарийвчилж харвал улс үндэстэн бүрийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхныг эрхэмлэх бүтэцүүд, цаашлаад хэвлэл мэдээлэл, технологи, сошиал ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогчид… гээд үргэлжилнэ. Цахим ертөнц доторх муу муухай, хүнээс ил бараг гарахаа больсон авир үйлдэл, дэмийрэл зэрлэгшил нь ертөнцийг бүрхсэн тахал боллоо гэж үзэж байна.
Интернетийг анх үүсэж, олны хүртээл болон хурдтай тархаж байгааг ихэнх нь “холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан” гайхалтай ололт гэж хүлээж авсан. Гэтэл “Тэр ололт зөвхөн хашаандаа л гайхамшиг болон үлджээ. Тэр хашаанаас гадуурхи нь харгислал хүчирхийлэл, гэмт хэрэгтнүүд, санаа муутуудын жаргадаг газар, үүр уурхай боллоо” гэж цулам судлаач Мэтю гэх эрхэм халаглаж байв. Би сүүлийн үед дээрхи асуудлаар олон хурал зөвлөлгөөн, илтгэл хэлэлцүүлэгт оролцож, судалгаа шүүмж үзэж сонслоо. Ингээд цуламын талаархи зарим дүгнэлтийг танилцуулъя.
- Цахим сүлжээ өөрөө аюултай зүйл биш юм. Харин түүнийг бохир зорилгод ашиглах нь аюул дагуулдаг. Цуламын нэг аюул бол асуудлыг бүтээлчээр шийдэх аргагүйд хүргэдэг. Тухайн үйл явц цулам маллагчийн хүсэл зорилго биелэхэд чиглэдэг учраас. Нийгэмд эрүүл мэтгэлцээн, бодлогын, үзэл бодлын эрүүл уралдаан утгагүй болдог. Хэрүүл, үзэн ядалт давамгайлдаг.
- Цахим шуламын хорлол нь нийгмийн эрүүл эд эс, эрхэм чанарыг гэмтээдэг. Цулам үзэгдэл нь хөгжил дэвшил, нийтийн сайн сайхан, эрхэмсэг оршихуйг бусниулдаг. Учир нь цулмууд тэдгээрийг шатааж таашаал авдаг.
- Цуламдахыг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй андуурах нь бий. Цахим сүлжээ бол хувь хүний гэхээс нийгмийн шинж чанарыг давуу агуулдаг. Тэнд ёс зүй, хариуцлага, бусдын эрх бас хамаардаг болоод тэр. Гэвч мөнхүү хямралд төгс хариу одоогоор алга. Үүний хамгийн үр дүнтэй шийдэл бол нээлттэй байдал. Энэ нь тэднийг таньж мэдэхэд, илчлэхэд тустай юм.
- Цулам бол бодлын хулгайч юм. Тэдний хохирогч нь гол төлөв төлөвшөөгүй эмзэг ариун санаа, уян зөөлөн цагаан сэтгэл байдаг. Мөн хүний хамгийн чухал эрхтэн зүрх тархийг онилж, сэтгэл хөдлөлийг ашигладаг. Хүний нас залуужих, эвдрэлийн түвшин нь бага байх тусам эдгээр цахим савартуудын учруулах өвдөлт нь ихэсдэг. Иймээс бидний хүүхэд, залуу үе тэдний хорлолд илүү өртөмтгий байдаг. Цулам зорилгодоо хүрэхийн тулд юуны ч дүрд хувирч чаддаг. Тэмээ бол тэмээ. Ямаа бол ямаа болдог. Хүн бол хүн, шулам бол шулам, заримдаа үнэн шударгын туйл болж үзэгддэг. Тэднийг сулаачид “Bad clowns” – муу алиалагч гэж нэрлэдэг.
- Цуламуудын амьдрах орчин бол үзэн ядалт. Үзэн ядсан үг яриа, доромжлол, зандалчлал бол тэдний хэл юм. Өөрөөсөө бусдыг үзэн ядуулахад ажлынх нь зорилго оршдог. Үнэн худлыг ялгах нь тэдэнд чухал биш. Тэд үнэнийг, шударгыг өөрийнхөөрөө ойлгодог, тайлбарладаг, тулгадаг. Цуламын амьдрах хөрс бол нийгмийн дэвшил биш нийгмийн доройтол юм. Олон түмний эв нэгдэл бус дайсагнал талцал юм.
- Цуламдах нь бусдыг сэтгэл санааны гутралд оруулахаас эхлээд амиа хорлоход хүргэдэг. Тэдний үйл ажиллагаа, үзэн ядалт нь аллагад хөтөлдөг. Тэд сэтгүүлчийн ч, тэмцэгчийн ч аминд хүрдэг. Тэдний ажлаас болж гэмгүй хүүхэд амиа хорлож, нийгмийн зүтгэлтэн ч хутгалуулж байна. Ийм жишээ иргэншсэн, соёлжсон зүгээр л хүний нийгэм бүрийг цочроох боллоо.
- Одоохондоо цуламын хорлолыг цаг хугацаа л, тэдний бузар үйлдэл өөрөө илрүүлэн илчилж байна. Тэдний мэдээлэл утгагүй. Дүгнэлт нь өрөөсгөл. Үр дүн нь эмгэнэл дагуулсаар байна. Тэдний амжилт ололт нь ядуурал өнчрөл, бослого тэмцэл, цуснаас улаан, нулимснаас гашуун сургамж болон үлдэж байна. Атаархал хорсол, явцуу зорилго, үзэн ядалт сайн зүйлд хэзээ ч хүргэхгүй. Хүний хөөрсөн цөс агшихдаа өвддөг. Ийм л юм болж байна.
Дээрхээр цуламын хэв шинжийн тухай яриагаа түр азная. Харин цулам болон улс төрийн симбиозын тухай цухас дурдсуу. Зөв бодлого цуламаас ангид байхыг эрхэмлэдэг. Харин буруу улс төрийг өнөөдөр цуламын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм. Тийм улс төр цуламын тээгч үү, эсвэл цулам нь тэр явцуу зорилго бүхий бодлогыг тээгч үү! Нэг бол тэдний “эрхэм” хослол уу! Энэ бол ухаж ойлгоход төвөгтэй, чивэлт үйл.
Явцуу зорилго бол ухаанд биш голдуу зөнд тулгуурладаг. Тэд маш энгийн байдлаар сэдвээ сонгож, энгийн дүрмээр тоглодог. Олон түмэн юунд дургүй байна, бас юунд автамхай байна. Түүнийг л хардаг бас олдог. Тэд энэ аргаараа амьд хүнийг ална, хээр хэвтэх хүүрийг ч босгоно. Тэд хэзээ ч нийгмийн оюун санааны түүчээ болж чаддаггүй. Учир нь тэдний бузар санаа цагийн хөөс л байдаг. Тэд хүний зовлонгоор тоглодог. Тэд ажлыг бүтээж биш нурааж ашиг хийдэг. Цулам, цулам үйлдвэрлэгчийн хорлол нь Монголыг зовоож байна. Энэ тухай ул суурьтай бодох, ярилцах цаг иржээ.
Цулам, нийгмийн зовлонгоор хөрөнгө зоорио бүтээгчид, амжилтад хүрэгчид бол цахим орчин, мэдээллийн ертөнцийн вирус, тахал тараагчид юм. Гэхдээ авууштай нь соёлт ертөнцийн ололт бүр үргэлж эрүүлжих тийшээ явдаг. Ирээдүй бас эрх чөлөөнд ч тийм хандлага давамгайлдаг. Цахим ертөнц нээлттэй байх тусмаа өвчнөө анагаах увьдас нь өсдөг. Түүнийг хуулиар, хүчирхийллээр, ялаар бүрэн эмчлэх аргагүй. Мэдээлэл, мэдлэгийн сайныг, эерэгийг түгээн дэлгэрүүлэх, мууг даган дуурайх гэж оролдох биш. Харин түүнийг жигших түүнээс сургамж авах, сургамжаа дэвшил болгож ашиглах нь оновчтой.
Цуламыг таних, ангилах нь
Цулам заавал хүний муу байх албагүй. Энгийн цулам бол бусдын хүсэл, програм тээгч юм. Үйлдэл бодлынх нь удирдлага өөр хүний гарт, толгойд, өөр сандал дээр байгааг өөрөө ч мэддэггүй. Өөрийн эрхгүй хэн нэгнийг үзэн ядна. Өөрийн эрхгүй хараал, гүтгэлэг, зандалчлалыг түгээгч болно. Энэ бол түгээгч түвшин. Цаашлаад зохиогч түвшинд дэвшинэ.
Танай гэрт ийм цулам байдаг бол танайд албан ёсоор цахим шулам шүглэлээ гэсэн үг. Танайх албан ёсны цуламтай айл болж, гэр орноос тань хэрүүл тэмцэл, талцал турхиралт салахаа байна. Цуламын дээд түвшин бол цулмаар амьдрагч юм. Цулмаар дамжиж нэр төр олно, бас зорилгоо хангана. Энэ бол малаар бол эцэг мал, шулмаар бол эх шулам гэсэн үг. Та цулам хээлтүүлэгч, тээгч төрүүлэгч, өсгөн бойжуулагч боллоо.
Хүнд заавал бурханлиг чанар эсвэл чөтгөрлөг чанар тусдаа орших албагүй гэдэг. Хүний дотор бурхан ч оршдог, чөтгөр ч оршдог. Нэг хүний дотор муу хүн, сайн хүн хоёулаа орших боломжтой гэсэн үг. Хүнд цагаан тал ч бий, бараан тал ч бий. Бурханаа тэжээх үү, чөтгөрөө тэжээх үү! Энэ бол таны сонголт. Алинаа тэжээнэ тэр чинь сэрнэ, томорно. Мэдээж цулам, цуламаар амьдрагч бол чөтгөрөө тэжээсэн, томруулсан гэсэн үг.
Цулам судалсан хүмүүс, мөн мэргэжилтнүүд цуламын хэв шинжийн тухай янз янзаар бичсэн байдаг. Алхаа нь хурдассан, нүд нь сөлийсөн, шүд зуусан, аатгануур, хөмхий зангидсан, анхаарал нь тогтохгүй байх гээд. Зарим нь гурван минутаас илүү төвлөрөх, мэдээлэл унших, үзэх чадваргүй ч гэдэг. Цахим шуламуудын 90 хувь нь таны бүтэн цаг хийсэн лайваас нэг удаа тогтож үзэхдээ 3 минут хүрэхтэй үгүйтэйг зарцуулсан байдаг.
Тэдэнд хараал, занал бичих бусад цуламуудынхаа хийж зүхэж байгаагаас таашаал авах, тэдгээрийг түгээх нь чухал. Тухайн мэдээллийн ач холбогдол, бодит агуулга тэдэнд огтхон ч сонин биш. Тэд эхний минут, хормоос харааж эхэлдэг. “Юуг нь үздэг юм”, “юуг нь уншдаг юм” гэж л ханддаг. Тэдэнд хүсэлд нь нийцэх ил захидал шиг эвлүүлэг, зураг, дүрс л хангалттай. Иймээс цуламтай хэрэлдэхийг цагийн баруул, эрүүл мэндийн гарз гэж хүнхтэй ихэнх хүмүүс үздэг.
Шударга, зоримог, эх орончийн арьсаар цуламнууд гоёдог. Тэр нь нэг маажилт даахгүй ховхорно. Үнэн чанартаа тэд маш эмзэг дэлбээнүүд аж. Цуламууд бусдыг сэлмээр балбах атлаа, өөрсдийг нь чүдэнзээр хатгахад эвхрэн унадаг. Тэд цахимбарынхаа араас, дэлгэцийн цаанаас бас гар утаснаасаа өөрөөсөө өөр үзэлтнүүдийг, ажил хэрэгч хүмүүсийг, эмэгтэйчүүдийг, тэднийг үл тоогчдыг, тэдэнтэй зарга заальхай болдоггүй нэгнийг гутаах доромжлохыг гаргуун хийдэг. Цахим хүчирхийлэлд өртөгсдийн 95 хувь нь дээрхи ангилалд хамаарагчид гэнэ. Цуламын хохирогч олны танил байх тусам түүнийг бүр галзууруулдаг. Хар дэлэнч шиг тойрч шавдаг, зовоодог. Сүрэглэн дайрч шүлсддэг, хатгадаг. Тэдний зэс хошуу хүний санаа сэтгэлийг шархлуулж өвчлүүлдэг.
Цулмууд өөр өөрийн онилсон байтай байдаг. Бай нь өгөөжтэй, мөлжүүртэй байх тусам улайрдаг. Тэд хүний шаналал, өвдөлт, нулимсанд баясана. Арга ядсан золиос нь хорь зоос, хөрөнгө мөнгөний санал тавьбал улайх ч үгүй шүүрнэ. Тийм хэлцэл, олзны дараа хэмлэлтээ хэсэг завсарлах боловч өдөр хоногоор үмхсэн өгөөшдөө бүр амташдаг. Өмнөхөөсөө илүүг нэхдэг, илүүтэй зулгаадаг.
Цулам өөрийн байтайн адил мөн өөрийн тэтгэгч тэжээгч, хөөргөн дэвэргэгчтэй байдаг. Тэжээл нь тасарвал эзнээсээ урвах гэж үзнэ. Эзнээ ч айлгана, эргэж заримдаа ноцно. Эсхүл эзнийхээ занг зүрхэнд нь орсон юм шиг мэдэх тул өстөнг нь илүү зэрлэгээр элдэвлэдэг. Үнэнчээ үзүүлж байгаа нь тэр. Эзэндээ шинэ, ноцтой баримтаар бэлэг барихыг үргэлж хичээнэ. Энэ зорилгоор шулам ордон өргөө ч хэснэ, шорон ч өнгийнө, тив тэнгис ч гаталж ниснэ.
Харин эзнийхээ чөтгөр атаархам нүгэл, луйврыг хичнээн харавч, мэдэвч, сонсовч тэр тухай ган хийхгүй. Бүүр хулгай худлынх нь хамтрагч, далдлагч, угаагч болдог. Эзнийхээ буруу гарын угаадас гишгэдсийн албан ёсны цэвэрлэгч болон мэргэшдэг. Нээлттэй орчинд цулмыг хүмүүс ядах юмгүй таньцгаадаг. Бас тэр хэрээр хэрсүүждэг.
Архаг цулмуудын донтолт нь бүр эсийн түвшиндээ хүртэл даамжирдаг бололтой. Энэ бол бараг эдгэшгүй өвчин гэсэн үг. Тэд нохой шуугиулахгүй, тийм шуугианд оролцохгүй, нэг үгээр хэлвэл сенсаацгүй бол байж суухаа олохгүйд хүрдэг. Итгэл үнэмшилээ биш сэдэв дагадаг. Цуламын цаламд орсон олонхи шуугиан, сенсаац дагаж согтдог. Жилд 1 гардаг байсан тэмцэл, шуугиан сар бүр гардаг болж, сарынх нь 7 хоногт, долоо хоногийнх нь өдөр бүрт шилжсэн байх тухай зарим судлаач өгүүлж байсан. Энэ үзэгдэл өөрийн чинь эргэн тойронд, амьдарч байгаа нийгэмд тань байвал цулмууд тэнд цаг агаарыг тодорхойлж байна гэсэн үг.
Нүүр тулсан хэрүүл маргаанаас илүүтэй, цахим шуламын далдаас хүнд учруулах хорлол илүү ноцтой. Маш харгис болж ирдэг аж. Судлаачид цуламыг гол төлөв хүн зовоож бахаа хангагч, хүчирхийлэгч, сэтгэцийн өвчтөн, яргачин, зандалчин, анархист мөн тийм санаа үйлдлийг илэрхийлэгч гэж үздэг. Тэдний дайралтад өртөгсөдийн элэг, зүрх, тархи гэмтэх хандлага ажиглагдсан гэж бичжээ. Энэ үзэгдлийг “Time” сэтгүүл орчин цагийн гамшиг гэж онцолсон юм. – Мэдлэг мэдээлэл солилцох нээлттэй орчноо үзэн ядалтын гамшигт алдлаа, гэж бичжээ. Хүний дургүй хүргэхээс эхлээд энэ байдал даамжирсаар хүний аминд, эрүүл нийгмийг сүйрэлд хүргэх гай болж хувирч байгаа гэнээ.
Энгийн хараалаас дайны талбар болтлоо даамжирдаг хийрхэл, солиорол аж. Харин ихэнх цахим шулам энэ үйлдлээ зүгээр л зугаа марзаганал, өөрсдийнхөө амьдрах хэв маяг, улс төр гэж хөнгөнөөр боддог ажээ. Гэтэл тэдний мөн чанар нь бирд юм. Өөрсдөө хүний дүрснээс гарч бирд шиг дэлхий даахгүй болтлоо цүндийхгүй ч тэд хүрсэн бүхнээ томруулахыг, үлээхийг хичээдэг. Цулмууд мэдээллийн эх булаг болж олны сэтгэл зүйг эзэмдэхийг хүсдэг.
Хэрхэн сэргийлэх вэ!
- Юуны өмнө цуламын аюул, хор хохирол түүний сөрөг үр дагаврын талаар хамт олон, гэр бүл, эргэн тойрондоо хэлэлцэх;
- Энэ тухай хамгийн үр дүнтэй яриа судалгааг их дээд сургуулиуд, оюутнууд, судлаачид хийдэг. Оюутнууд дипломын ажлаа дээрхи сэдвээр хамгаалах, сургууль бүр цулам судлалыг дэмжиж, “Case study” – жишиг судалгаа хийж, сургалтдаа ашиглах;
- Хүүхдийг цэцэрлэг, сургуулийн наснаас нь цахим хүчирхийллээс хамгаалах, тэр тухай ойлгуулах, багаас нь дархлаажуулах, сэтгэлийн хатыг нь дэмжих;
- Эцэг эхийн үүрэг энд онцгой. Цуламын аюул бол хүний сэтгэл санааг хордуулж, бодол үйлдлийг өөрчилдөг, тодорхойлдог. Таны хүүхэд ямар хүн болж төлөвшихөд цахим орчны нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай хэн хэнгүй санал нэгдэх байх. Авсан ханиа зовоогч, шодор госч – популист, луйварчин хүчирхийлэгч байх уу! Бусдын хүндэтгэлийг хүлээсэн, бүтээлч идэвхтэй, эерэг сайн хүн байх уу!
- Цуламын аюулыг хар тамхины аюултай жишиж салхин доогуур нь гарахгүй,айл бүр хаяа хатавчнаасаа хол байлгах; Насанд хүрэгчид энэ аванхайт үзэгдлээс өөрсдийгөө татах, хязгаарлах, өөрсдөө донтохгүй байх нь чухал юм.
- Хэвлэлийн болон олон нийтийн оюун санааны манлайлагчдын үүрэг оролцоог энд орхиж болохгүй. Цахим орчин өөрийн цуламтай адил бас сайнд үлгэрлэн дагуулагчтай байдаг.
- Цахим орчны өвчтөнүүдийг илчлэх, тэмдэглэх арга бол чухал үүрэгтэй. Тамгатай нэг цуламын муу үйлдлээс төрсөн олны жигшдэс бол түмэн цулмыг дайжуулах увидастай юм. Нэг хархыг авлахад бусад нь дайждаг гэсэн яриа бий.
Олны сэтгэлийг зовоож байгаа уг асуудалд интернэт үйлчилгээ үзүүлэгчид мөн Facebook, Twitter, Instagram… гээд сүлжээний аваргууд онцгой анхаарч эхэлж байна. Хууль тогтоогчид, ард олны элч төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтэнүүд ч хараагаа ийш чиглүүлжээ. Тэд дээрхийн муу үр дагаврыг сонсож мэдэж, ухуулж ойлгуулж, цуламын хар давалгаанаас нийгмээ цэвэрлэх сайн үйлсэд нэгдсээр байна.
Олон нийтийн мэдээ мэдээллийн түүчээ компаниуд үйлчлүүлэгчдээсээ ёс зүй, хариуцлагыг шаардах болжээ. Энэ орчинд түгсэн мууг хязгаарлах, арилгах аргууд нь улам боловсронгуй болж байна. Сайхан зорилго, сайн үйлсийг нь өвчин, гамшиг болгож хувиргасанд тэд буруугүй ч уг бурангуй байдлыг засах өөрчлөх гэж оролдсоор байна. “Оролдлого сайт оройд нь” гэж тэдний ажилд монголчууд бид ч туслах ёстой.
Бас тухайн улс орон, нийгэм, олон нийт, хувь хүн ч энэ асуудалд ихээхэн анхаардаг болжээ. Аль ч нийгэмд ухаалаг, зөв, шударгуу хүмүүс олонхи нь байдаг. Тэд өмнөх ажлаа хийгээд, өөрийгөө, гэр орноо хүний дайтай, сайхан аваад л явдаг. Хүмүүс хараал тэмцлээс хол хөндий байхыг хүсдэг. Гэхдээ хүн эх орноосо, нийгмээсээ тасарч амьдрах боломжгүй. Хогоо хамт л цэвэрлэхгүй бол утаа, бохироос бүгд хорддогтой адил юм.
Буруу үйлдэл нь буруу бодлын үр дагавар байдаг. Буруу бодол бол өөрөө бурууг дагасны, дуурайсны, бурууг шүүлтүүргүй авсны уршиг л юм. Бурууг үзсэний, уншсаны, бурууд автсаны тусгал ч гэдэг. Иймээс аливаа хүний аврал, эсвэл доройтол хүн Та өөрөө.
Хүн та өөрөө энэ тухай бодож, ухаарч өөрийн үйлдэл, орчноо эрүүлжүүлэхгүй бол ямар ч эм, ид шидтэн энд бүрэн тус болохгүй. Хүний адгууснаас ялгаатай нь засрал авдагтаа, өөрөө өөрийгөө өөрчилж чаддагт байдаг. Ингэж л хувь хүн, олны амьдралд гавиур гарч, өөдөлж урагшилдаг гэж бодном.
2019.02.18
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.