Эдийн засаг
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой холбогдох журмуудыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр боллоо. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хуралдаанаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг нийт таван журмыг хэлэлцэн баталлаа.
Эдгээр журам батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэх байгууллагын хувьд хэрхэн бүртгэх, бүртгэлээс татгалзах үндэслэл зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойллоо. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, мөнгөн хөрөнгөд өөрчлөлт орох, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршил өөрчлөгдөх тухай бүр бүртгэх байгууллагад бүртгүүлж байх зэрэг холбогдох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхойлов.
Мөн улсын хэмжээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд нэгдсэн зохицуулалттай хувийн дугаар олгох, мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтад тавигдах шаардлага, нөхцөлийг тодорхойлж, холбогдох тайлан мэдээг нэгдсэн байдлаар ирүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан бүрдэх нөхцөл бүрдлээ. Үүний зэрэгцээ мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрх болон зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхойлсноор хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Хуралдаанаар мөн нэг хувьцаат компанийн оноосон нэрийг солихтой холбоотойгоор үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, хоёр хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.
Хоёр компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг мөн нэг компанид банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэр бүхий хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосны зэрэгцээ хоёр компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, таван банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.