Нийгэм
Замын-үүдийн төрийн байгууллагууд албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов.
Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.
Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилд хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл
Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.