Нийгэм
Зөвшөөрөлгүй барилга барина гэсэн ойлголт манайхаас өөр оронд байхгүй
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахдаа албан байгууллага болоод хувь хүмүүс юу анхаарч, ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой. Зөвшөөрөл шийдэгдэх хугацаа хэд хоног байдаг, бид юун дээр анхаарах ёстой гэх мэт олон асуултын хариуг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын хяналтын инженер Ж.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Ирэх сараас барилгын ажил идэвхжээд ирдэг. Үүнтэй зэрэгцээд барилга барих зөвшөөрөл авах гэсэн албан байгууллага, хувь хүмүүсийн цуваа тасардаггүй. Зөвшөөрөл авахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Барилгын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажил эхлэхтэй холбоотойгоор захиалагч, иргэн, аж ахуйн нэгжүүдээс манайд хүсэлт гаргадаг. Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолооор батлагдсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүллэх зөвшөөрлийг ажлын 10 хоногт багтаан олгодог. Ингэхдээ Барилгын тухай хулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 68 дугаар тогтоолд заасан бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж ирүүлдэг.
-Зөвшөөрөл олгохдоо юун дээр илүү анхаарч, ач холбогдол өгдөг вэ?
-Барилгын тухай хуульд тусгагдсан онцлог гэвэл тухайн талбайд ажил гүйцэтгэх хариуцлагатай албан тушаалтан болон барилга барьж байгаа бүх ажилтныг ослын даатгалд хамруулдаг болсноороо онцлог. Мөн тухайн гүйцэтгэгчээс болон захиалагчаас баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангах талаар гаргаж ирүүлсэн талбай зохион байгуулалтын зураг, технологийн картыг онцгойлон анхаарч үздэг.
-Ослын даатгалд даатгуулах зардлыг тухайн компани гаргах байх. Нэг хүний даатгалын зардал ойролцоогоор хэдэн төгрөг байх бол?
-Шинэчлэгдсэн хуулийн 8 дугаар зүйлд ослын даатгалыг хуульчилж өгсөн. Даатгалыг тухайн гүйцэтгэгч компани хариуцаж төлөх зохицуулалттай. Нэг хүний даатгалын хэмжээ тухайн даатгалын компани, гүйцэтгэгч нар ямар хуриуцлагыг даатгуулахаас хамааран харилцан адилгүй байгаа. Зөвшөөрөл олгох явцад ослын даатгалд хамрагдсан гэрээ, баримт зэргийг шалгадаг. Хэрэгжилт харьцангуй сайн байна. Нэг үеэ бодвол даатгалын талаарх ойлголт өөрчлөгдөж эерэг болж байгаа нь анзаарагддаг.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал өмнөх жилүүдэд их зөрчигдөж, барилгын талбай дээрх осол гэмтэл ч буурахгүй байсан. Харин сүүлийн үед байдал ямар байна вэ?
-Шинээр барилга байгууламж эхлэх, их засвар шинэчлэлт, буулгалтын ажил зэрэг барилгын үйл ажиллагаа явуулдаг гурван үндсэн төрөл бий. Буулгалтын төрөл дээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаад суурин дээр нь шинээр барилга барих ажил хийгддэг. Буулгах ажил дээр стандарт нормын дагуу ажиллах, зураг хариуцсан инженер болоод албан тушаалтны зөвшөөрөл, гудамж талбай нийтийн эзэмшил газруудад аюул учруулж болохуйц хэсэгт өндөр шаардлага тавьж, зургийг хүлээн авдаг.
Харин шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн хувьд талбайн зохион байгуулалт, хэрхэн боловсруулсан, үйлдвэр үйлчилгээ явуулахад хэрэглэгдэх хүнд даацын автомашинуудын орц гарц гээд аюулгүй байдал талд онцгойлж үздэг. Тиймээс энэ талын осол буурч байгаа нь нэг талаар сургалт тогтмол зохион байгуулсны үр дүн. Нөгөө талаар хяналт шалгалт сайжирсан нь үр дүнгээ өгч байна.
-Технологийн картын хэрэгжилтийн талаар?
-Технологийн карт нь дээр үеийнх шиг нарийн хэрэгждэггүй. Компани болгон өөр, өөрийн онцлог шинж чанар, материалын хийц, шинэлэг зүйл турших гэх зэргээр өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Гэхдээ энэ нь нэгдсэн гүйцэтгэл чанар талдаа асуудал дагуулах магадлалтай. Бидний хувьд хүнд хийцлэлтэй, өндөрт угсрагдах, хол алслалттай, дам нуруу гэх мэт аюул, эрсдэл дагуулах магадлалтай хийцлэлийг технологийн картын зургандаа тусгаж оруулахыг шаарддаг.
-Иргэн н.Дорж зөвшөөрөл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, юун дээр анхаарах ёстой вэ?
-Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заагдсан доорхи бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ёстой. Үүнд: 28 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох
28.1.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна.
28.2.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
28.2.1.барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
28.2.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
28.2.5.гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.
28.3.Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана.
28.4.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатад тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.
28.5.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно.
28.6.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
-Зөвшөөрлөө гүйцэт аваагүй байж барилгаа эхлүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүс байдаг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд “Зөвшөөрөл авах явц өөрөө их уддаг учир бид цаг хугацаа, зардал чирэгдлээ бодоод барилгаа эхлүүлчихлээ. Торгуулиа төлдөгөөрөө төлөөд цаашаа үргэлжлүүлчихье“ гэсэн ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт. Зөвшөөрөлгүй барилга барина гэсэн ойлголт манайхаас өөр оронд байхгүй. Уг нь дээр дурдсан бичиг баримтын бүрдлийг гүйцэт бүрдүүлээд өгчихвөл ажлын 10 хоногтоо шийдэгддэг. Ингэж чадаагүйн улмаас хохирол амсах, хэл ам, хэрүүл маргаан дэгдээх, өв хөрөнгөө үхмэл болгох, цаашлаад нураах арга хэмжээг авах магадалтай. Барилга байгууламж бол 5, 10 жилийн настай зүйл биш зуу, зуун жилээр бат бөх чанараа хадгалж, үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй хөрөнгө учир зураг төсөл, бичиг баримтаа ч тэр, гүйцэтгэлээ ч тэр “Долоо хэмжиж нэг огтолно” гэгчээр хугацаа зарцуулж, чанартай хийх ёстой гэж боддог.
-Зөвшөөрөлгүй барилгыг нураасан тохиолдол байгаа юу?
-Суурийнхаа зургийг хийсэн болоод хүч түрээд бариад эхэлсэн нэлээн олон барилгыг нэрлэж болох байна. Гэхдээ манайх бие даан шийдвэр гаргаад нураах эрхгүй. Шүүхээр ороод шийдвэр гарч, Засаг даргын захирамжийн дагуу хийгдэх үйл явц л даа. Гэхдээ хариуцлагын тогтолцоог чангатгаад торгуулийн хэмжээг одоо байгаагаас 5, 10 дахин нэмэгдүүлвэл байдал дээрдэх байх гэж харж байна.
-Энэ талын мэдээлэл иргэдэд хомс байдаг юм болов уу?
-“Хүн болгон математикч байх албагүй” гэдэг шиг хүн болгон барилгын талын мэдлэгтэй байх албагүй. Гэхдээ эрх үүргээ сайн мэдэж, барилгын зөвшөөрөл авах гэж байгаа бол мэргэжийн зөвлөгчөөр дамжиж зөвлөлдсөн байх шаардлагатай. Түүнээс иргэн н.Долгор барилгын талаар ямар ч мэдээлэл мэдэгдэхүүнгүй байж захиалагч гээд зураг бариад ороод ирдэг нь дараа, дараагийн үр дагаварт сайнаар нөлөөлөхгүй. Иймээс зөвлөх үйлчилгээ явуулдаг компаниудтай уялдаатай ажиллах хэрэгтэй.
-Зөвшөөрөл өгчихөөд дараа нь тухайн барилгыг яаж хянадаг вэ?
-Олгосон зөвшөөрлийн хүрээнд барилга байгууламж баригдаж байгаа эсэхэд тодорхой хэмжээнд хяналт тавьдаг. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд хяналт тавих байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг.
-Эхлэл төгсгөл хоёрын чанар зөрөх үед яадаг вэ?
-Компаниуд байраа худалдаж, борлуулахын тулд олон арга хэрэглэдэг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд маш чухал нэг заалт орсон нь барилгын захиалагч нь “Барилгын үйл ажиллагааны явцад орчны тохижилт, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн талаархи зурагт болон бусад сурталчилгаа бодит байдалд нийцсэн байх ба хэрэглэгчийн өмнө тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагыг хүлээх” үүрэгтэй гэж зааж өгсөн. Тиймээс иргэд ногоон байгууламж, тохижилт, гадна зогсоол гэх мэтийг маш сайн судалж, тооцож сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол иргэд илүү их мэдээлэлтэй болсон.
Хэдэн жилийн өмнө 60 ам.метр талбайтай байрнаас 10 ам.метр талбай дутаж байсан тохиолдол гарч байсан. Харин одоо байдал өөр болсон. Иргэд байрныхаа хэмжээг хэмждэг, хяналт тавьдаг болсон. Дан ганц төрийн байгууллага хяналт тавих биш иргэд өөрсдөө хяналтаа тавьж мэдээлэлтэй байж чадвал сөрөг зүйл аяндаа алга болно.
Эх сурвалж: Барилга.мн
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.