Улс төр
Эхнэрийнхээ дансанд орсон 200 сая төгрөгийг тайлбарлана уу!

УИХ-ын гишүүн, олонд “Поп” хэмээх тодотголтой Ж.Батзандан ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсоноор шударга гэгдэж байсан нэр хүнд нь шороотой хутгалдав.
Тэрбээр ЖДҮ-тэй холбоотой асуудлаар манай сонинд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд өгсөн ярилцлагадаа “ЖДҮ-ийн зээл олгох банк гэж дэлхийн улс орнуудад байдаг. Нэг бол ЖДҮ-ийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог. Арилжааны банкаар ЖДҮ-ийн зээлийг олгож буй тохиолдолд арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгийг бага хүүтэйгээр зорилтот бүлэгт нь олголгүй, өндөр хүүтэйгээр өөр бусад субъектэд олгох замаар мөнгө хүүлэх ажиллагаа явах эрсдэлтэй байдаг. Харамсалтай нь, эрх баригч нам буруу шийдвэр гаргасан. Банкгүйгээр, банкны оролцоогүйгээр зээлийг олгосон нь зөвхөн дарга нар өөрийнхөө хүрээллийн хүмүүст ЖДҮ-ийн зээлийг олгох алдаа завхрал, нугалааг бий болгосон байна. Дээрээс нь ЖДҮ-ийн зээлийг олгох тодорхой шалгуур гэж бий. Яг зорилтот бүлэгтээ, жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр хүмүүст зээлийг олгох ёстой. ЖДҮ-ийн зээлийн тухай журам, хуульд 1.5 тэрбум гэдэг босго, заалт байгаа. Тэр хүрээндээ олгож явах ёстой. УИХ-ын гишүүд, дарга нарын авгай хүүхэд, шууд хамаарал бүхий компаниудад зээл олгосон нь буруутай үйл ажиллагаа.
Яагаад гэхээр, УИХ-ын гишүүн бол нийт олон түмний төлөө, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүс” гэж ярьж байв. Харамсалтай нь, тэрээр ийн хэлсэн ярьснаасаа тэс хөндлөн алхам хийжээ. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр, Улсын ерөнхий прокурорын газарт иргэн Н нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан ба түүний эхнэр Ч.Дэлгэрмаа, найз Ш.Саранчимэг нартай холбоотой гомдол гаргажээ. Тодруулбал, иргэн Н-ийн гаргасан гомдолд дурьдсанаар, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаагийн дотны найз Ш.Саранчимэг өөрийн мэдлийн “Хүнс сервис” компанидаа ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авахад нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан нөлөөлсөн байх өндөр магадлалтай гэжээ.
Иргэн Д.Саранчимэг 500 сая төгрөгөө өөрийн харилцах данс руу шилжүүлсний дараа Ж.Батзандан гишүүний эхнэр Ч.Дэлгэрмаагийн ХААН банкны дансанд “Кредит картны эргэн төлөлт” гэх утгаар 200 сая төгрөг шилжүүлсэн байна. Тиймээс 200 сая төгрөг “Кредит картын эргэн төлөлт” гэх нэрийн доор ЖДҮХС-гаас зээл авахад нөлөөлсний шан харамж болсон байж болзошгүйг иргэн Н-ийн мэдээлснээр прокурор шалгаж эхэлсэн мэдээлэл тараад байгаа юм. Хэвлэл мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр гишүүн Ж.Батзандан өөрийн нэр дээр “Тусалж, дэмжиж өгнө үү” гэсэн утга бүхий бичиг үйлдэж, харьяа яам руу илгээсэн гэнэ.
Ийн ЖДҮХС-гаас өөрийн эхнэр хүүхэд, хамаатан садандаа зээл авч өгсөн УИХ-ын гишүүд болон сайд, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэрс зарлагдаж дууссаны дараа ЖДҮ-тэй холбоотой дараагийн давалгааг “ЖДҮ авахад тусалж, дэмжиж өгнө үү” гэсэн албан бичиг үйлддэг болсноор үргэлжлүүлж байна. Хэдий УИХ-ын гишүүд өөрсдөө зээл авахгүй ч гэлээ өөрийн хүрээллийн дотны найз нөхөд, бизнесийн хамтрагчдадаа зээл авахад нь шууд бусаар нөлөөлж, шанд нь зээлийн багагүй хувийг хүртдэг болох нь бараг л тодорхой болчхоод байна.
Энэ мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар хийсэн байдаг. Тэрбээр “Ё.Отгонбаярын эхнэрийн данснаас 300 сая ам.доллар гарлаа гэж дөрвөн жилийн өмнө “хонгилынхон” мэдээлэл хийсэн. Одоо Ж.Батзандангийн эхнэрийн дансанд 200 сая төгрөг орсон байна гэж зарлаад байна. Би эхнэртэйгээ 20 гаруй жил амьдарч байна. Миний эхнэр хүн шантаачилж, дарамталж мөнгө авах хүн биш” гэсэн юм. Гэсэн ч шударга имиж бүрдүүлэхийг хүсэгч Ж.Батзандан гишүүн үнэн ч бай, худал ч бай ЖДҮ-тэй нэр холбогдлоо. Олны үг ортой, овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг монгол ардын үг бий. Үнэхээр л нэр цэвэр, үйл ариун байсан бол ЖДҮ-тэй холбоотой түүний факт яаж ч ухсан гарч ирэх ёсгүй л байсан болов уу. Тэртэй тэргүй хуулийн байгууллагаас түүний эхнэрийн дансанд орсон 200 сая төгрөгийг ямар эх үүсвэр, зориулалтаар орсныг шалгах нь дамжиггүй. Тиймээс шударга ёсны төлөө цогтой тэмцэгч болж харагдах хүсэлтэй Ж.Батзандан гишүүнд эхнэрийнхээ дандсанд орсон 200 сая төгрөгийн учир шалтгааныг өөрийн амаар тайлбарлах зүрх зориг байдаг бол ард түмэнд хэлэх цаг нь ирсэн. Эсвэл хуулийн нэрийг урдаа барьж, өөрийгөө гүтгүүлсэн гэж асуудлыг булзааруулж, үнэн төрөхөө илчлэх үү гэдэг нь ч олны анхааралд байна.
Угтаа ЖДҮХС бол эдийн засгийг хөгжүүлж, солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийг ажилтай, орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ард иргэдийн улсад төлсөн татварын хөрөнгө мөнгө. Гэвч ард иргэд, үйлдвэрлэгч нарт очих байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд хэдэн зуун сая, хэдэн зуун тэрбумаар нь авч, өөрсдийн ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ж.Батзандан гишүүний авсан 500 сая төгрөг жинхэнэ хүрэх эзэндээ очсон бол өнөөдөр монголд хэдэн хүн шинээр ажлын байртай болж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх байсан бол.
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн сангийн тайланд дурьдсанаар, 2018 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 107.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 85.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаа юм. Эдгээр 85.7 мянган байгууллагын 56.4 мянга нь Улаанбаатарт, бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл үйл ажиллагаа явуулж буй нийт байгуулллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай бол зургаан хувь нь 10-19, 4.9 хувь нь 20-49, ердөө 2.9 хувь нь 50-иас дээш ажилтантай байна. Энэ бол Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болохыг илтгэж буй тойм тоо. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд байх 85 мянган компанийн 60 гаруй мянга нь ердөө 1-9 ажилтантай гэсэн үг. Эдгээр компаниуд улсад татвар төлж, иргэдийг ажлын байраар хангаж, улсын хөгжилд чадах чинээндээ дэмжлэг үзүүлж яваа. Хамгийн ихээр нь тооцоход л 60 мянган компани тус бүр 10 ажилтантай гэвэл 600 мянган хүнийг ажлын байраар хангаж, орлоготой, амьдралтай болгож байна гэсэн үг. Гэтэл УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 124 компанийн ЖДҮХС-гийн зээлийг ядахдаа л 60 жижиг, дунд үйлдвэрлэгчид өгсөн бол 60 мянган хүн шинээр ажлын байртай болох байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн авсан 500 сая төгрөгийг 50 саяар нь хувааж, 10 жижиг, дунд үйлдвэрлэгчид өгсөн бол хамгийн багаар бодоход л Монгол Улсын гурван сая иргэний, одоо ажилгүй байгаа 36 мянган хүний 50 нь шинээр ажлын байртай болох байлаа. Тэрчлэн өнөөдөр орон сууцны найман хувийн зээлгүй иргэн бараг байхгүй болсон. Дунджаар тооцвол, иргэдийн дийлэнх нь 30-80 сая төгрөгийн зээлийг 10-25 жилийн хугацаатай авсан. Хэрэв 500 сая төгрөгийг зөвхөн нэг хүнд өгөхгүйгээр 50 саяар нь хувааж, 10 хүнд өгсөн бол монголын 10 айл өрх 25 жилийн өндөр хүүтэй өрийн дарамтнаас гарах байлаа. Үгүй ядахдаа л шинээр барьдаггүй юм гэхэд аль социализмын үеэрээ байгаа, дээврээс нь дусаал гоожиж, хана, тааз нь мөөгөнцөртсөн сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчилж, өргөтгөхөд 500 сая төгрөг хангалттай хүрэлцэх байлаа.
Үнэндээ ЖДҮХС-гаас жинхэнээсээ зээл горилогчдын олонх нь хэдхэн сая төгрөгийн зээл хүсдэг юм билээ. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд шиг хэдэн тэрбумаар хэмжигдэх эргэлтийн зээл хүсдэг аж ахуйн нэгж тун цөөн. Улстөрчдийн ханцуйндаа наймаалцаж, хөшигний ард нууц байлгаж ирсэн ЖДҮХС-гийн дэргэд “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцогчид 10, 20 саяар хэмжигдэх хөрөнгө оруулалт хүсэн орж ирж байгааг бид бэлхнээ харж буй. Өнгөрсөн онд гэхэд шаркууд 12 жижиг, дундын төсөлд нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэтэл манай УИХ-ын гишүүд 12 үйлдвэрлэгчид ногдох дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг ганцхан хамаарал бүхий компанидаа авчхаж байх жишээтэй. Энэ бол бодит байдал, энэ бол жинхэнэ шударга бусын хонгил.
Өчигдөрхөн гэхэд л “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож, хөрөнгө оруулалт хүссэн иргэн Батцэцэг фэйсбүүк хуудастаа энэ талаар бухимдлаа илэрхийлсэн. Тэрбээр “Шаркуудаас тэвэр дүүрэн магтаалтай (гар хоосон) гарч ирсний минь дараахан үйлчилгээний бизнес эрхэлдэг чинээлэг танил маань над руу залгаад “Савангийн үйлдвэрийнхээ төслийг өгөөч. Эгч нь ЖДҮХС-гийн зээл авах гэсэн юм” гэв. “Та үйлдвэрлэл эрхэлдэггүй юм чинь танд өгөхгүй шүү дээ” гэтэл “Эгчид нь ТАНЬДАГ ХҮН БАЙГАА, зохицуулна, гол нь бичсэн төсөл л хэрэгтэй байна” гэж билээ. Ингэж анх ЖДҮХС-гаас олгодог жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний хоёр жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх дэмжлэгтэй, мөрөөдлийн зээл байдгийг би мэдэж авсан. Гэвч мөрөөдлийн зээл маань жижиг дунд үйлдвэрлэлд биш “Том бизнест” завшуулдаг юм байна гэсэн анхны сэтгэгдэл надад яг л “ТОМ НОХДОД ЯСАА БУЛААЛГАСАН ГӨЛӨГ” шиг мэдрэмж төрүүлж билээ. Саяхан бас нэг танил маань “Миний найзын бизнес нэг л удаан байна уу даа. Найз нь чамд тэр ЖДҮХС-гийн зээлийг яриад аваад өгөх үү. Ажлын хөлс нь 10 хувь байдаг юм” гэсэн. “Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, энтрепренёр болно, иноваци нэвтрүүлнэ, гарааны бизнес эхлүүлнэ, экспортыг орлоно, дэлхийд гарна” гэж донгосохын ч хэрэг алга. Банкууд нь ломбард, ломбард нь мөнгө хүүлэгч шиг энэ улсад ЖДҮХС-гийн зээл байсан ч, байгаагүй ч шударгаар хөдөлмөрлөгчдөд ахиж дэвших нь байтугай амьд үлдэх боломж ч байхгүй болсон! ЗЭЭЛИЙН ХҮҮ МОНГОЛЫГ ХҮЙС ТЭМТЭРЧ БАЙНА. Энэ зээл бол зүгээр нэг жишээ. Төрийн сангууд, тендерүүд гээд бүгдийг ЛУЙВАРДАЖ БАЙНА. Авлигын тэрбумтнууд ар араасаа төрж, 180 саяын үнэтэй ланд 200 машин сард хэдэн зуугаараа зарагдаж байна. Банкны 20 хувийн хүүтэй зээлээр үйлдвэрээ эхлүүлж гуравхан сарын дараа аргагүй шахалтаар НӨАТ төлөгч болсон. Татвар даатгалын байцаагч нарт өртэй гэж үргэлж чичлүүлж, данс хаана гэж дарамтлуулдаг. Тайлангаа хугацаанд нь өгөхийн тулд ББСБ-аас жилийн 40 хувийн хүүтэй зээл авч нийгмийн даатгал, суутгалаа төлөх нь энүүхэнд. Гэтэл үйлээ үзэж, үсээ зулгааж, өрөнд баригдан байж төлдөг татварыг минь авлигачид зээл, тендер, тэтгэлэг болгож ШУДАРГА БУСААР завшиж байна” хэмээн бичжээ. ЖДҮХС-гаас найздаа 500 сая төгрөг авахад дэмжлэг үзүүлсэн Ж.Батзандан гишүүн ажлын хөлсөндөө 200 сая төгрөгөөр “шагнуулсан” байж болох жишээг иргэн н.Батцэцэгийн найзын хэлсэн үгээр бараг л нотолчих шиг. Мэдээж, авсан эсэх, өгсөн үгүйг хуулийн байгууллага л эцэслэн тогтооно.
Энэ мэтчилэн гарааны бизнесээ эхлүүлсэн, хөрөнгө оруулалт үгүйлсэн олон хүн байна. ЖДҮХС-гаас зээл хүссэн олон арван өргөдөл бий. Ийн атал зээлийн гурав нь л жинхэнэ үйлдвэрлэгч нартаа хүрдэг нь дэндүү эмгэнэлтэй. Шинэ санаа, шийдэл байгаад хөрөнгөгүй, мөнгөгүйн улмаас мөхсөн олон төсөл хөтөлбөр байна. Хэрэв тэдэнд хүрэх ёстой зээл нь шударгаар хүрдэг бол ажилгүй залуучуудын тоо хэдэн арваараа цөөрч, ядуурлын хэмжээ тэлэхгүй байх байлаа.
Б.Бямбасүрэн “Ардчилал таймс” сонин

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ