Нийгэм
300 ортой төрөх эмнэлгийн барилга ирэх сарын 1-нд дулаанаа холбоно
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.
Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.
Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгах юм байна.
Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.
Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.
Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр нь ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа.
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.
Эх сурвалж: ЭМЯ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.