Эдийн засаг
Б.Ганхуяг: ЭТТ “Оюу Толгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй

IKON.MN
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан ярианаас онцлох мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.
1,072 хувьцааны ногдол ашгийн талаар:
Компанийн ТУЗ хуралдсан бөгөөд ногдол ашиг тараах талаар хараахан шийдвэр гараагүй байна. Аудитлагдсан тайлангаар “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Одоо “Эрдэнэс Тавантолгой” хөгжлийн нэгдүгээр үе шатанд ирж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, дотоод нөөц бололцоогоороо төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, олсон ашгаа ногдол ашигтаа тараах уу гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирсэн.
Ногдол ашиг тараахаар болбол хэдэн төгрөг хувьцаа эзэмшигчдэд ногдох вэ гэдэг талаар хариулах эрхгүй, ТУЗ эцэслэн шийднэ.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ний талаар:
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар олон улсын зөвлөхүүдтэй гэрээ байгуулаад эхэлсэн. Бэлэн төслүүдээ санхүүжилтийг нь хийгээд хөдөлгөхөд бэлэн болчихлоо. Төмөр зам, нүүрс угаах үйлдвэр гэгчлэн төслүүдээ хэрэгжүүлэхэд 1.5-2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Компанийн санхүү бэхжсэн тул зарим төслийг дотоод нөөц боломжоороо санхүүжүүлэх боломж бүрдсэн бол зарим төслийг сонирхсон хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлнэ.
Шинэ гарцын талаар:
Бэлэн байгаа төсөл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн. Энэ жил маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ. Зураг төсөл нь хийгдээд баригдсан тул дуусгах үүрэг нь компанид байгаа.
Оросын тал манайхтай хамтрах гээд хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. 2018 оны намар ОХУ-ын Тээврийн сайд, Гадаад хэргийн сайд нь ирээд тээврийн хөнгөлөлтийг Монголд 75% эдлүүлье гэдэг байдлаар гарын үсэг зураад явсан. Даанч тээвэр ложистик хүндрэлтэй, Чойр хүртэл 400 гаруй км шороон замаар л явах боломжтой. Хэрэв ложистикоо шийдчихвэл манайх өндөр үр ашиг хүртэх боломжтой.
IPO, хөрөнгө оруулалтын талаар:
“Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийсэн хүмүүс бий. Мөн өмнөх хэлэлцээ хийж байсан компаниудаа бид орхиогүй. Жишээ нь, “Чайна Энержи”. Эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийн №1 бөгөөд Хятадын хөрөнгө оруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрс олборлогч маш том компани. Энэ компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус, агаар мэт хэрэгтэй. Тус компанийн өөрийнх нь төмөр зам Гашуунсухайт-Ганц модны боомт хүртэл тавигдчихсан.
Бид зөвхөн IPO хийхээс гадна дотоод нөөцөөрөө санхүүжүүлэх, тодорхой төсөл дээр хамтарсан консорциум хэлбэрээр хамтарч ажиллахыг зорьж байгаа бөгөөд УУХҮЯ гурвууланг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
“Чайна энержи”-тэй санамж бичиг биш, гэрээний хүрээнд ажиллах бизнесийн ашигтай саналууд ярилцаад явж байна. Монголын талд ашигтай, нөгөө талд хэт давуу байдал олгоогүй ийм хэлэлцээрүүдийг хийж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх ёстой. “Чайна Энержи”-гийн ард мэдээж төр засгийнх нь дэмжлэг байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н ард улс төрийн бүх дэмжлэг байгаа. “Оюутолгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.