Эдийн засаг
Д.Ганхуяг: 1072 ширхэг хувьцааны үнэ сая төгрөгөөс доош байвал төр өөрөө худалдаж авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцэнэ. Тэр дундаа Эрдэнэс Тавантолгойтой холбоотой гурван асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, хэлэлцэхээр байгаа юм. Энэ талаар Эрдэнэс Тавантолгойн Захирал Д.Ганхуягтай ярилцлаа.
-Тавантолгойн IPO гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Тавантолгойн IPO гаргах ажил эд дундаа явж байна. Энэ хүрээнд олон ажлын хэсэг байгуулсан. Мөн Тавантолгойн ордыг сонирхдог бизнес эрхлэгчид хамтарч ажиллах янз бүрийн санал тавьж байгаа. Өмнө нь өгч байсан саналуудыг ч бид судалж үзэж байгаа. Тавантолгойн ордыг 400 сая ам.доллараар зараад, Эрдэнэс Тавантолгой компани өөрөө 33-хан хувийг авч үлдэх хүртэл хувилбартай хэлцлүүд хийж байсан. Харамсалтай нь, Монголд дандаа ашиггүй хэлэлцээрүүд хийж байсан. Одоо бидэнд нэг ч ашиггүй хэлэлцээр хийх эрх байхгүй. Өмнө нь гаргасан алдаанууд, хэлэлцээрүүдийг судалж үзэж байна. Мөн бидэнд ирүүлж байгаа бүх саналыг нээлттэй хүлээн авч байгаа. Хүлээж аваад ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцоод Тавантолгойтой холбоотой ажлын хэсгийн байр суурийг илэрхийлээд явж байгаа. IPO гаргах ажил эд дундаа явж байгаа энэ үед янз бүрийн сөрөг мэдээлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Д.Сумъяабазар сайдаар ахлуулсан ажлын хэсэг алдаа гаргах эрх байхгүй. Тийм ч учраас бид дөрвөн үе шаттай зөвлөхүүдийг ажиллуулж байна. Дотоодын зөвлөхүүд бидний хийж байгаа ажилтай холбоотой хэлэлцээрт дүгнэлт гаргаад явж байна. Мөн гадаадын зөвлөхүүд олон улсад ямар эрсдэл байж болох вэ, Тавантолгойн ордын одоогийн ашгийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр зөвлөгөө өгөөд ажиллаж байна.
-Өнөөдөр танай компани Засгийн газрын хуралдаанд ямар танилцуулга хийх бэ?
-Өнөөдөр манай компани гурван асуудал танилцуулна. Нэгд, Тавантолгой түлш компанийн ажлын явцын талаар. Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон. Энэ хүрээнд ажлын явц мэдээллийг өгнө. Хоёрт, Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудал. Энэ бол Тавантолгой Гашуунсхайт хүртэл төмөр замын ажлын үйл явц, цаашид хэрхэн санхүүжүүлэх талаар мэдээл хийнэ. Тавантолголгойн төмөр замын төслийг үргэлжлүүлэх санхүүжилтийн асуудалд Тавантолгой компани өөрөө оролцоод, тухайн төсөлд хувь эзэмшээд хөрөнгө оруулалтыг тохироод яв гэдэг УИХ-ын тогтоол гарсан. Хуучин эргэж авах нөхцөлгүйгээр мөнгө өгдөг байсан бол одоо дандаа бизнесийн харилцаагаар явна. Ингээд Эрдэнэс Тавантолгойн орлого төслүүдийн ашгаар нэмэгдээд явах зах, зээл бизнесийн зарчимд тохирсон тогтолцоо явж байна гэж ойлгож болно. Ногдол ашигтай холбоотой асуудал мөн орно.
-Эхлээд олон улсад IPO гаргаад дараа нь дотоодын зах зээлд гаргана гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Олон улсын зах зээлд гаргасны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий болох гээд байгаа юм. Сая нэг хэсэг 1072 ширхэг хувьцааг худалдаж авна. Бүр 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авна гэдэг худлаа мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл худлаа гэдэг нь батлагдахаар иргэд 100 мянган төгрөгөөр зарах гээд явж байна. Тэгэхээр 1072 ширхэг хувьцааны үнийг унагаах эрх бидэнд байхгүй. Эхлээд олон улсын зах зээл дээр гаргаж хувьцааныхаа үнийг өндөр тогтооё. Түүний дараа 1072 ширхэг хувьцаа доод тал нь сая төгрөг байна. Бүр түүнээс дээш болно гэж үзэж байгаа. Сая төгрөгөөс доошоо орсон тохиолдолд төр өөрөө худалдаж авч байгаа. Дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахад эрсдэл байгаа учраас эхлээд олон улсын зах зээлээ явуулъя гэсэн бодлого барьж байгаа.
-Хэдийгээр ногдол ашиг хуваарилах вэ?
-Аудит хийсэн тайлан гараагүй байгаа. Хоёрдугаар сарын 15-наар тасалбар болоод энэ тайлан гарах юм. Аудитын үндэсний газар, Татвар дээр эцэслэх юм. Тавантолгойн компани өөрийнхөө санхүүгийн тайланг гаргаад Аудитад хүргүүлсэн. Энэ хүрээнд мэдээллээ ТУЗ-дөө хүргүүлсэн. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил хаагдсанаас хойш тав хоногийн дотор хувьцаа ногдол ашиг олгох эсэхээ шийддэг.
-Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ?
-Энэ талаарх мэдээлэл тайлан дотор бий. Засгийн газар гол хувьцаа эзэмшигчийн хувьд үүнийг шийдвэрлэх эрхтэй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.