Нийгэм
Төрийн “сулбагар” хяналтын хажуугаар хар тамхи урсан орж ирсээр байна
Хар тамхи гэх энэ үгийг цочирдон хүлээн авдаг байсан Монголчууд одоо дасал болж, үгсийн сандаа энгийн хэрэглээ болгожээ. Энэ бол аюул юм. Бүгд л хар тамхи аюултай гэдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө л хар тамхинд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр байна.
Ер дөө долоохон жилийн өмнө “Бид хар тамхи тээвэрлэгч орон болжээ” гэх нийтлэлээ бичиж байж. Гэтэл одоо бид хар тамхи хэрэглэгч орон болон хувирсан байна. Үнэхээр хамарсалтай, гайхаж балмагдмаар, цочирдож хүлээн авмаар тоо баримтуудыг хууль хяналтын байгууллагаас өдөр бүр шахуу зарлах боллоо. Хар тамхинд нэгэнтээ донтвол эдийн засаг болоод эрүүл мэндээрээ шууд л хохирч эхэлдэг. Гэвч эдийн засгийн ямарч чадваргүй өсвөр үе, залуучууд энэ хорт зүйлд ихээр донтож байгаа нь Монгол Улсын ирээдүйг тун бүрхэг харагдуулж байна.
Хар тамхи хэрэглээнд хэрхэн нэвтэрсэн бэ
Одоо л энэ аюулт зүйлийг хэрэглэдэг болчихоод байгаа юм биш. Монголчууд Манжийн дарлалд байх цаг үед залуус хар тамхинд толгойгоо мэдүүлж, мансууралд автсан байсан. Бүр манайд олсны төрлийн хар тамхины ургамал тариалдаг байсан тухай эх сурвалжууд өгүүлдэг. Гэхдээ л бид олонхоороо татгалзаж чадсан юм. Олонх гэдэг нь цөөн хэрэглэгч үлдсэн гэсэн үг юм. Тэд энэ үедээ хагас нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан мансууруулах төрлийн бодисыг бага хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлж хэрэглэдэг байлаа. Энэ үед “хар тамхи” гэх үгийг сонссон Монголчууд цочирддог байсан юм.
Гэтэл өнөөдөр ашиг орлого олох зорилгоор тээвэрлэж, зарж, залуу үеийг албадан хамруулж, идэвхтэй хэрэглэгч болгож байна.
Бид хоёр их гүрний дунд буюу олон сая хар тамхинд донтогсдын дунд амьдарч байна. Тиймээс хар тамхины тээвэрлэлт манай улсыг олон жилийн туршид дайрч өнгөрсөөр л байгаа. Энэ тээвэрлэлтэд хяналт тавьж, зохицуулах боломж тун хомс юм. Хар тамхитай холбоотой хамгийн хүнд ял шийтгэлтэй Хятад улс энэ асуудлыг шийдвэрлэж, зохицуулж чадахгүй халдварт өвчин шиг тархсаар манай улс хилийн цаана идэвхтэй борлуулалтын сүлжээг бий болгочихлоо. Бидний өдөртөө хэдэн зуун мянгаараа зорчдог БНХАУ-ын Эрээн хотод мансууруулах бодисын хэрэглээ газар авч, үүнийг дагасан биеэ үнэлэлт, хүний наймаа цэцэглэн хөгжиж байна. Оросын холбооны улсад ч ялгаагүй хар тамхины худалдаа, хэрэглээ газар авч, энэ төрлийн худалдаа эрхлэгч гэмт бүлэглэлүүд төрийн үйл ажиллагаанд хүртэл оролцох болсон тухай олон эх сурвалжийн мэдээллээс харж болно.
Ийм нөхцөлд манайх шиг буурай орон, мэдлэг, мэдээлэл дутмаг залуу үед хар тамхинд татагдан орохоос аргагүй юм. Гэвч биеэ өмгөөлөх шалтгаан биш.
Хар тамхийг хэн хэрэглэж байна вэ?
Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан байна. Энэ нь Монгол хүний удмын сан, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа маш том аюул юм. Эдгээр залуус мэдээлэлгүй, мэдлэггүй дээ бус харин бусдын нөлөөнд автаж байна гэж дүгнэхээр. Өөрөөр хэлбэл асар их эрсдэл, хөрөнгө мөнгө зарлагадаж, оруулж ирсэн хар тамхиа хэрэглэгчтэй болгохын тулд залуу үеийг уруу татах замыг борлуулагчид сонгож байна.
2017 онд цагдаа, сурагчдын холбоо, хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг хамтран 1000 гаруй хүүхдээс судалгаа авахад 26 хувь нь мансууруулах төрлийн бодис “хэрэглэдэг” гэж хариулсан байна. Мөн өсвөр насны 130 гаруй мянган хүүхэд ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэж хариулжээ.
Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залуусыг ар гэрийнхэн нь тодорхой түвшинд мэдэж байдаг. Гэвч бага дээр нь асуудлыг шийдвэрлэхийн оронд асуудал улам бүр даамжирсан, донтолж гүнзгийрсэн үед мэргэжлийн байгууллагын туслалцааг хүсэх нь элбэг байна. Энэ нь эрт илрүүлж, эмчлэх, сэргийлэхэд хүндрэл учруулдаг гэж албаныхан тайлбарлалаа.
Одоо манай улсад 8000 орчим байнгын хар тамхи хэрэглэгч бий гэсэн тоон мэдээ байна. Хуулийнхны нэг хүний ард 4-5 хүн байдаг гэж тооцоолсон. Тэгэхээр Монголд 40 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж байна гэж ойлгож болохоор. Мөн эдгээр хүмүүст хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээд ч бас бий гэдгийг энэ тоо илэрхийлж байна.
Хууль бус зүйл учраас худалдан борлуулалт, хэрэглээ зэрэг нь бүгд нуугдмал байдалтай өрнөнө. Тиймээс хуулийнханд хяналт тавих, сэргийлэх боломж хомс байдаг болов уу.
Хэрхэн сэргийлэх вэ
Одоо хуулийн тогтолцоог өөрчлөх, ялыг нэмэгдүүлэх гэсэн ганц л гаргалгаа харагдаж байна. Манайд хар тамхитай холбоотой, олон хүнийг баривчлан саатууллаа гэдэг ч яг ямар ял оноож, хэрхэн шийтгэсэн талаарх мэдээлэл дутмаг байдаг. Үүнээс болоод магадгүй ял шийтгэл нь хөнгөн учраас хар тамхины хэрэгт холбогдох сэдэл олон нийтэд төрдөг юм уу гэж хардахад хүргэж байна.
Мөн гаднаас хар тамхи, мансууруулах бодис ихээр орж ирж байгаа учраас хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг онцгойлон анхаарах цаг болсон. Өмнө нь хар тамхийг боломжтой мөнгөтэй айлын хүүхэд л хэрэглэдэг гэсэн ойлголт байсан бол одоо бүх давхрагыг хамарч байна. Эндээс төрийн хяналт л хэтэрхий сулбагар байна гэж харахаар өөр арга алга.
Хар тамхины хор хөнөөлийг хүүхдүүдэд алхам тутамд нь мэдрүүлж, ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй. Эцэг эхчүүдэд ч анхааруулга хүргүүлж, хариуцлагын тогтолцоог чангатгах нь зөв. Хэдхэн төрийн бус байгууллагад энэ асуудлыг нялзаагаад орхих бус улсаараа, нийтээрээ хөдлөхгүй бол хар тамхи хэмээх тахал үр хүүхдүүдийг минь нөмөрч, эх орны тэнгэрт бараан хар үүл тунарал хуралдаж эхэллээ.
Жич: Төрд байгаа, төрийн хүнтэй хамаарал бүхий хар тамхичид, түүнийг худалдан борлуулагчдаа яаралтай цэвэрлэнэ үү, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, УИХ-ын гишүүд ээ !!!
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.