Бусад
Хамгийн гаж араншинтай эрдэмтэд
Уильям Баклэнд (1784–1856)
Британийн геологич палеонтологич, Лондоны хатан хааны нийгэмлэгийн гишүүн тэрбээр Мегалозавр хэмээх үлэг гүрвэлийг нээсэн эрдэмтэн юм. Тэр бас хүн төрөлхтөн эрүүл амьдрахад зараа, аалз, шимэгч хорхой, тэмээн хяруул, арслан гээд бүхий л амьтан хэрэгтэй гэж үздэг байж. Түүнийг сүмд явж байхад нь тэндхийн гэгээнтэн шалан дээр үргэлж улаан толбо бий болоод байх юм гэж ярьжээ. Уильям Баклэнд (William Buckland) шууд л өвдөг дээрээ сөхрөөд шалыг хэлээрээ долоож үзээд “Энэ чинь зүгээр л хулганын шээс байна шүү дээ” гэсэн гэдэг. Уильям нэг удаа өөрийн найз лорд Харкордынд зочилж очоод тэдний гэрт байсан хамгийн үнэ цэнэтэй зүйл болох Францын хаан Людовикийн занданшуулсан зүрхийг лордын гараас булааж аваад шууд идчихсэн гэдэг. Яагаад тэгснийг ёстой хэн мэдлээ.
Чарльз Бэббиж (1791–1871)
Математикч, зохион бүтээгч Чарльз Бэббиж (Charles Babbage) орчин үеийн компьютер, тооцоолон бодох машины үндсийг тавьсан хүн юм. Гэхдээ тэрбээр хоёр хөлдөө модон хавтан хүлээд усан дээгүүр явах гэж байгаад туршилтынхаа үеэр арай л живчихээгүй гэдэг. Тэр бас хүний бие халууныг хамгийн ихдээ хэдэн градус тэсвэрлэж чадах вэ гэдгийг турших гэж шарах шүүгээнд орж байсан гэнэ. Түүний бичиж үлдээснээр бол өөрөө 120 градуст тэссэн гэдэг ч итгэхэд бэрх юм.
Жон Холдейн (1892–1964)
Биологич, олон шагналын эзэн эрдэмтэн Жон Холдейн (John Haldane) олон туршилтыг өөр дээрээ хийж байжээ. Нэг удаа тэрбээр юу болохыг нь үзэх гэж нэг лонх давсны хүчил уусан гэнэ. Төдийлөн анзаарагдахгүй болохоор нь кальцийн хлор их хэмжээгээр уужээ. Азаар ноцтой зүйл болсонгүй, харин эрдэмтэн гэдэс нь эвгүйрхэж, хэд хоног туулгаад өнгөрсөн байна.
Жек Парсонс (1914–1952)
Жек Парсонс (Jack Parsons) бол анхны шингэн түлш бүхий тийрэлтэт хөдөлгүүр бүтээсэн авьяаслаг зохион бүтээгч юм. Тэрээр тун удахгүй дэлхий дээр Антихрист унаж ирнэ гэж итгэдэг байсандаа ч үүнийг сэдсэн байж болох. Жек бас шинжлэх ухааны тусламжтайгаар янз бүрийн мөргөл шүтлэгийн ачаар “Шидэт хүүхэд” гарган авч дэлхийг аварна гэдэгт итгэдэг байжээ. Үнэхээр тэгсэн эсэхийг хэн мэдлээ.
Хенри Хэд (1861–1940)
Хенри Хэд (Henry Head) бол Английн сэтгэл судлаач, ХХ зууны эхээр хүний мэдрэлийн системийн бүцийг судалсан хүн юм. Тэрээр хүн мэргэжлийн боловсрол эзэмшихгүйгээр тархи мэдрэлийн гэмтлийг зөв тодорхойлж оношилж чадахгүй гэж үздэг байв. Тэгээд дахин сэргээх үйл явцыг судлахын тулд өөрийнхөө хоёр гарын мэдрэлийн судсыг тасалж байсан гэнэ. Ер нь тэр өөр дээрээ нийт 167 туршилт хийсэн гэдэг.
Никола Тесла (1856–1943)
Никола Тесла (Nikola Tesla) агуу ухаантан байсан ч мөн л гаж сэтгэхүй араншинтай нэгэн байж. Тэрээр хий юм харах сэтгэцийн эмгэгтэй шиг загнаж, хүний үс, гялгар болон бөмбөрцөг хэлбэрийн зүйлээс ухаангүй айдаг байсан гэнэ. Эрдэмтэн бас тагтаанд ухаангүй хайртай, гурав гэсэн тоонд үнхээр дуртай нэгэн байжээ. Тэрбээр байшинд орохынхоо өмнө гурвантаа тойрдог, буудалд заавал гурван номерын өрөөнд ордог, зөвхөн гурав дахь ширээнд суудаг байсан гэнэ.
Бонуст нь Исаак Ньютон (1643–1727)
Аугаа зохион бүтээгч Исаак Ньютон (Isaac Newton) алиманд ухаангүй дуртай, мууранд хайртай нэгэн байсан гэнэ. Тэрбээр муураа чөлөөтэй орж гарч байг хэмээн хаалгаа доод хэсгээр нь хөрөөдөн жижигхэн дөрвөлжин цонх гаргаснаараа анхдагч болсон гэдэг. Гэхдээ энэ нь ямар ч тэнэг зүйл биш, харин ч өнөөг хүртэл амьтанд хайртай бүх хүнд хэрэг болж байгаа билээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
Бусад
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулна
Боловсролын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны III хурал болж, ажлын явц, үр дүнг хэлэлцэв.
Энэ удаагийн удирдах хорооны хуралд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан оролцож, уг төсөл нь Монголын ирээдүйн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодит хөрөнгө оруулалт гэдгийг онцолж, манай улсын боловсролын байгууллагуудтай хамтран 5 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг дурдлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, ойлголцол чухал гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд удирдах хорооны дарга Х.Батжаргал онцолж, гүйцэтгэгч аж ахуйн нэгж хугацаа алдаж буй тул цаашид байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлэхээр болов.
“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулахаас гадна хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш ажилтан, хүнс ханган нийлүүлэгч гэх мэт боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад хоол, шим тэжээлийн боловсрол олгох Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй уг цогц төвийн үйл ажиллагааны дүрмийг батлуулах, 2024-2025 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1.5 га талбайд барих ажлын явцтай танилцлаа. 2025 оны хавар тохижилтын ажлыг хийгээд зун нь ажлыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх учраас иргэд ч эергээр хүлээж авч байгаа” гэв. Энэ үеэр ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж буйг онцлоод энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Одоогийн байдлаар газар шорооны ажил дууссан. Барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн, өнөө шөнө суурийн бетоныг цутгана. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн. Гадна дулааны шугам сүлжээний ажил дуусаж байна.
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд иргэдээс санал авч, 96 хувийн саналаар дэмжсэн байдаг. Энэ хүрээнд иргэдэд тухайн байршилд ямар ажил хийх талаар тогтмол мэдээллийг хүргэж, орон сууцны орцонд барилгын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй талаар зарлал байршуулах, иргэдийг тав тухтай байлгах үүднээс өглөө бүр барилгын ажлын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа талаараа мөн гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийг цаашдаа ч төлөвлөгөөний дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, стандартыг хангаж барилгын ажлыг явуулаарай гэсэн зөвлөмж өглөө.
-
Нийгэм17 цаг өмнө
Ямааны годрон өвчний шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Хотын А бүсэд таны бизнесийн шинэ орон зай
-
Энтертайнмент21 цаг өмнө
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов
-
Нийгэм19 цаг өмнө
Хятад улсад суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь нэмэгдсээр байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Баруун турууны даваа, Ар гүнтийн давааны халтиргаа гулгааг арилгахаар ажиллаж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо