Нийгэм
Ашиглалтын шаардлага хангахгүй “НЭХМЭЛИЙН 5-Р БАЙР”-ны иргэд ШИНЭ БАЙРАНДАА орлоо

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 2-р хороо Нэхмэлийн 5-р байрыг буулган, шинээр 16 давхар 112 айлын орон сууц барьж, өнөөдөр иргэд шинэ байрандаа орлоо.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч компани болох Фүжи констракшин ХХК-ий захирал н.Мөнхтуяа, шинэхэн байрандаа орох иргэд болон бусад төлөөлөл оролцсон юм.
Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдөр ийнхүү 5-р байранд амьдарч байсан 27 айл шинэхэн орон сууцандаа орж байна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
2015 онд УИХ Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль баталсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байрнуудаас 138 нь Улаанбаатар хотод байгаа. Харин Хан-Уул дүүрэгт 44 барилга байгаа. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрх 25 орон сууцнаас 22 нь байр дээр компаниуд нь шалгараад ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон төслийг хийж хэрэгжүүлэх болно.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Нийт 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байна. Хотын төв байршил сайтай газруудад амжилттай хэрэгжиж байгаа бол захын, гэр хороололд төсөл хэрэгжих явц удаашралтай байна. Энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж, хэрэгжүүлэгч компанитайгаа нягт ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох Фүжи констракшин ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.
Нэхмэлийн тавдугаар байранд амьдарч байсан 27 иргэдэд тус компаниас 8 мкв нэмж өгсөн бөгөөд байраа томруулах хүсэлтэй бол мкв нь 2 сая төгрөгөөр авах боломжтой юм байна. Харин энгийн иргэдэд худалдаалах үнэ нь мкв нь 2 сая 900 мянган төгрөг ажээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.