Нийгэм
Ирээдүй “идүүлсээр” байна
Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж номлодог атал өнөөдөр өөрсдийн ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаарч чаддаггүй. “Хүүхдээ сайн хүн болгоно, эрдэм мэдлэг олгоно. Сайн хуульч, эмч байх ёстой. Сайн хүн байх ёстой” гэдэг атлаа хүүхдээ ирээдүйд эрүүл чийрэг хүн болгох эсэхэд тэд анхаардаггүй.
Өнөөдөр хүүхдүүд ихэвчлэн түргэн хоол, чихэрлэг зүйлсээр хооллож байна гэхэд худал болохгүй. Харин үүнээс бусад хоол хүнс хүүхдэдээ өгөх нь өнөөгийн эцэг эхчүүдийн толгойн өвчнүүдийн нэг болоод байгаа. “Манай хүүхэд ёстой хоол идэхгүй юм. Амттай юм идээд л байдаг” гэж ярих атлаа хүүхдийнхээ аясаар тэдгээрийг нь өгсөөр байдаг. Гэтэл нөгөө талаас хүүхдийн орчин тэднийг дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм. Сургуулийн ойр орчмын дэлгүүр, ТҮЦ, жижиглэн худалдаа, сургуулийн доторх цайны газар зэрэгт худалдаалагддаг бүтээгдэхүүнд хяналт байдаггүй. Хүүхдүүд эцэг, эхээсээ халаасны мөнгө аваад бага ангийнхан пирожки, кимбаб, чипс, ундаа зэрэгт зарцуулдаг. Дунд болон ахлах ангийнхан бол бэлэн гоймон голдуу иддэг.
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчинд хоол хүнсээ худалдаж авдаг. 33.9 хувь нь ТҮЦ-ээр үйлчлүүлдэг. Сурагчдын хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүнд пирожки, пицца, ундаа, хотдог, чихэр зэргийг нэрлэжээ. Уг нь эдгээр нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын дагуу хориглосон хүнсний бүтээгдэхүүнд багтдаг юм. Гэвч журмын хэрэгжилт, хяналт байхгүйгээс шалтгаалан зарсаар байдаг. Хүүхдүүд идсээр байдаг. Ийнхүү сургуулийн орчинд ч тэр, гэрийн нөхцөлд ч тэр хүүхдийн хооллолтод анхаарал байдаггүй. Үүний жишээ нь Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дуталтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй, 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэж гарсан. Таргалалт нь эрүүл бус хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Хүүхдийг эрүүл бус хүнс хэрэглэх бас нэгэн шалтгаан нь хяналтгүй зар сурталчилгаа. Нэг талаас төрийн байгууллага “Давс муу. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Давсны хэрэглээгээ багасгая” гэдэг уриалга дэвшүүлж, кампанит ажил хийгээд байхад хоол хүнс, үйлдвэрлэдэг газрууд нь давс ихтэй шарсан төмс, хүүхдүүдийн таргалалтын хамгийн том дайсан гэгдэж буй бургер тэргүүтэй бүтээгдэхүүнийг хэмжээ хязгааргүй сурталчилсаар байдаг. Үүнд ч бас хяналт байхгүй. Ингэсээр бидний ирээдүй хоол хүнсэндээ эргээд “идүүлсээр” байгаа юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.