Нийгэм
БНХАУ-ын тэргүүн хатагтай мисс Э.Энхриймаад 100 мянган юань хандивлажээ
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа ажээ. Энэ хүрээнд тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяараа эрчимтэй нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.
Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, 100 000 юаний тусламж үзүүлснийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хайминаар итгэмжлүүлэн гардуулж өгөхөөр болсон байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах ажээ.
Мисс Э.Энхриймаагийн санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд олон ажил хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Монголын миссүүдтэйгээ хамтран “Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон байна. “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, олон нийтийн газарт цуврал үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг таван зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ.
Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүнд хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэл авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулан өгсөн байна. Түүнчлэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ээж, хоёр хүүгийн гэрт үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг одоо ч үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Хэдийгээр сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85%-ийг амжилттай эмчилж байгаа боловч энэ аймшигт өвчин аюулын харанга дэлдсээр байгаа билээ.
Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхин, 400 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвчилдөг. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насны хүмүүс эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт юм.
Ийнхүү манай улсын өмнө тулгамдаад байгаа Сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор залуу хүний хувьд өөрийн хувь нэмрийг оруулахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаа мисс Э.Энхриймаагийн хувьд энэ чиглэлээр цаашид олон ажил хийхээр төлөвлөжээ.
Хандив гардуулах үйл ажиллагаа 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт “Энхрий-Эрдэнэ” сангийн байр (3-р хорооллын эцэс СОТ-3-ын байрны баруун хойно “Дулаахан байр” бичигтэй тоосгон байшингийн 1-р давхарт)-нд болох юм байна. Холбоо барих: 99072366, 91117815, 991632
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.