Нийгэм
Г.Төмөрчулуун: ШХАБ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал
-ШХАБ-д ажиглагчийн статусаа нэг шат ахиулах эсэх асуудал төр засгийн болон олон нийтийн дунд яригдах боллоо. Гишүүнээр элсэх нь зөв буруу гэхээсээ өмнө ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох талаар мэдээлэл өгнө үү?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсээд 20 орчим жил болж байна. Ямар учиртай вэ гэхээр 1991 онд ЗХУ задарч, 14 бүгд найрамдах улс бий болсон байдаг. Эндээс тав нь Төв Азийн бүгд найрамдах улс буюу бидний ярьдгаар “стан”-ын орнууд. Үүнд Тажикстан, Казахстан, Киргизстан гэсэн улсууд Хятад Улстай хиллэх болчихгүй юү. Хуучин Хятад Улс зөвхөн ЗХУ-тай хиллэдэг байсан бол таван улстай хиллэдэг болчихсон.
Ингээд хилийн асуудлыг зохицуулах шаардлага тулгарсан. Хилийн асуудалд хоёр юм байдаг. Нэгдүгээрт, хилийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, хилийн тэмдгүүдийг байрлуулах ёстой. Ийм зорилгоор Шанхай хотод эдгээр улс болон Орос, Хятадын төлөөлөгчид уулзаж, Шанхайн таван улс гэж анх байгуулагдаж байсан юм. Гол зорилго нь хилээ харилцан тогтоох шинэ нөхцөл байдал үүссэн. Ингээд хилээ хэрхэн тогтоох талаар ярьсан байгаа юм.
Эхний зорилго нь ийм байсан ч сүүлдээ зөвхөн хил биш болж, үүнийгээ өргөжүүлээд нийтийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Азийн байгууллагыг бий болгоё гэсэн. Нийтийн гэдэгт гурван “изм”-ын тухай ярьдаг. Үүнд экстремизм, терроризм, сепаратизм гэдэг. Экстремизм гэдэг нь Хятадын Шиньжян Уйгарт болж байгаа салан тусгаарлах хөдөлгөөнийг ярьдаг. Сепаратизм гэдэг нь Хятадаас салан тусгаарлах гэсэн үзэл их байна.
Тухайлбал, Хонг Конг Хятадаас гаръя гэж байна. Тайванийг сепаратистууд гэж нэрлэж байна. Терроризм гэдэг нь ойлгомжтой биз ээ. Хятадын төрийн эсрэг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг зэвсэгт тэмцэл хийдэг бүлэг гарч ирлээ гэж Хятадын удирдлагууд үздэг. Тэгэхээр ийм гурван “изм”-ын эсрэг тэмцэх байгууллага гэж өөрсдийн зорилгоо тодорхойлдог юм билээ.
Төрийн тэргүүнүүд, Засгийн тэргүүнүүд буюу Ерөнхий сайд нар, Гадаад хэргийн сайд нар гэсэн гурван түвшинд хуралддаг. Гэхдээ сүүлийн хэдэн жил энэ байгууллага өргөжиж нийгмийн бүхий л салбарыг хамардаг болсон байна. Боловсролын салбарын сайд нар хуралддаг болж, тээврийн яамдын, төмөр замынх нь хүртэл хуралддаг болсон байна. Бүр ШХАБ-ын гишүүн орнуудын эрдэмтдийн уулзалт хүртэл зохион байгуулдаг болсон байна лээ.
Анх 2016 онд эрдэмтдийн уулзалт болоход Орос, Хятад, Монгол гурван улсын эрдэмтэд уулзалтад оролцсон. Энэ бүхнээс ШХАБ-ын үйл ажиллагааг улам илүү өргөжиж байна гэсэн үг. Цар хүрээ, ярьдаг асуудал, сэдвүүд нь хүртэл өргөжиж байна.
-Манай улсад хэрхэн хамаарч байгаа юм бол?
-Би нэг зүйлийг үргэлж оюутнууддаа ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр орчин үеийн олон улсын харилцааны ирээдүйн хөгжил олон талт хамтын ажиллагаа руу чиглэж байна. Энэ нь олуулаа нийлж асуудлыг шийддэг процесс. Ингээд ярихаар Африк тивд Африкийн эв нэгдлийн байгууллага гэж Африкийн бүх орнууд нэгдэж орсон байгууллага байна.
Латин Америкт Америкийн улсуудын байгууллага, Европт Европын холбоо гэж 28 улсыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бий болсон. Ази том учир хэсэгчилсэн байгууллага бий болж байгаа нь энэ юм. Жишээ нь, АСЕАН гэдэг байгууллага Азийн зүүн өмнөд хэсгийг хамарсан 10 улсын нэгдэл болж таарч байгаа. СААРК гэж Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка зэрэг өмнөд Азийн дөрвөн улсыг нэгтгэсэн байгууллага байна.
ШХАБ гэдэг нь Евро-Азийн байгууллага болж таарах юм. Орос Улс орж байгаа учир Евро, үүн дээр Хятад, Энэтхэг, “стан”-ын орнуудыг багтаасан. Өөрөөр хэлбэл, зүүн хойд Ази тэр чигээрээ орчихож байна. Үүнд Монгол багтаж байгаа. Тиймээс манай тивд, бүс нутагт явагдаж байгаа олон талт үйл явцад Монгол Улс орох ёстой юм.
-Зөвхөн олон талт хамтын ажиллагаагаа хараад элсэх асуудлыг хөндөх нь хэр зохистой юм бол?
-Олон талт хамтын ажиллагаанд маш олон асуудал байгаа. Тэрийг үгүйсгэхгүй. Г эхдээ гэртээ ганцаараа сууснаас тэр үйл явцад орж байсан нь дээр. Та гэртээ ганцаараа үлдэж болно. Олон тоглоом байгаа бол тэрүүгээрээ тоглож болно. Гэхдээ уйдна шүү гэсэн санаа. Тиймээс хамт олныхоо дотор, тивийнхээ бусад улсуудтай хамтарч ажиллах нь Монголын эрх ашигт нийцэх юм.
Өөрөөр хэлбэл, хүн бол ганцаараа амьдарч болно. Харин улс орон бол бусад улстайгаа хамтарч ажиллах нь хамгийн чухал байдаг. Өөрийгөө сондгойруулж, тусгаарлаж, олон талт үйл явцаас гадна үлдэнэ гэдэг аюултай асуудал. Монголын эрх ашигт яав ч нийцэхгүй. Тиймээс би хувь хүнийхээ хувьд олон талт хамтын ажиллагааг шүтдэг хүний нэг. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч бид амжиж суухгүй бол болохгүй. Гэхдээ оройтоогүй байна.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ЗАМААР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАДАГ
-Энэ байгууллагад ороход оройтоогүй гэж байна. Тэгвэл гишүүнээр орсноор ямар ач холбогдолтой юм бэ?
-Олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Орчин үед тэр дундаа, техник, технологи хөгжсөн, даяаршил газар авч байгаа нөхцөлд хүн хэзээ ч ганцаараа аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Үүнийг яаж хангах вэ гэхээр нийтийн хүчин чармайлтаар хангадаг. Олон улсын байгууллагад орох замаар аюулгүй байдлаа хангадаг. Аюулгүй байдал гэдэг нь их өргөн ойлголт.
Улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, шинжлэх ухаан, техникийн аюулгүй байдал, байгаль орчин, цаг уурын аюулгүй байдал гээд энэ бүхнийг Монгол Улс дангаараа шийдэхгүй. Хоёрхон жишээ, хэлье. Нэгдүгээрт, хар тамхины асуудал байна. Бараг өдөр бүр хар тамхины асуудал гарч байна. Энэ асуудлыг Монгол ганцаараа шийдэж чадахгүй.
Манайд хар тамхитай тэмцэх туршлага ч байгаагүй. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ гэхээр олон талт хамтын ажиллагаагаар шийднэ. Гэхдээ энэ Хятадын, Оросын ч асуудал. Төв Азийн “стан”-уудын ч асуудал, Энэтхэг, Пакистаны ч асуудал. Тиймээс энэ нийтлэг асуудлыг нийтийн хүчин чармайлтаар шийднэ. ШХАБ энэ бүх асуудлыг ярьдаг юм. Үүнийг бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийднэ.
ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагаагаар шийднэ. Хоёрдугаарт, хүний наймааны асуудал. Бас л манай улсад байдаг асуудал. Үүнтэй мөн л ШХАБ-тай хамтарч тэмцэнэ. Энэ бүхнийг терроризм, экстремизмийн хүрээнд авч хэлэлцдэг. Тэгэхээр Монголд ашигтай юу гэвэл ашигтай.
-Хэрэв ШХАБ-т гишүүнээр элсвэл манай улс хоёр хөршийнхөө нөлөөнд автаж, гуравдагч орны харилцаанд сөргөөр нөлөөлөх юм шиг ойлголт олон нийтийн дунд байна л даа?
-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Байдаг л байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал юм. Бид НАТО гэдэг цэргийн эвсэлд элсэх гэж байгаа юм биш. ШХАБ гэдэг байгууллага цэргийн эвсэл биш. 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөндөө ШХАБ хэзээ ч цэрэг, улс төрийн эвсэл, нэгдэл, холбоо, блок болохгүй гэж цагаан дээр хараар бичсэн байна лээ. Тэгэхээр энэ эвсэл биш байна. Бид бол эвсэлд нэгдээгүй улс. ШХАБ-ын гишүүн орноос Энэтхэг, Хятад, ОХУ-аас бусад нь цэргийн аливаа эвсэлд нэгдээгүй. Тэгэхээр энэ эвсэлд нэгдээгүй улс орнуудын холбоо байх нь.
Гуравдагч хөршийн харилцаа хүндрэх талаар ярих асуудал байхгүй. Казакстан ШХАБ-ын гишүүн мөн үү гэвэл мөн. Үүнээс болоод Казахстан Японы, Казакстан АНУ-ын хоорондын харилцаа муудсан гэж бол сонсоогүй юм байна. Энэтхэг саяхан энэ байгууллагад орж байна. Үүнд орлоо гээд Энэтхэг АНУ-ын хоорондын харилцаа муудсан уу. Тийм зүйл байхгүй. Яг үүнтэй адилхан. Ер нь тусгаар тогтносон улс орон юу хийхээ өөрөө мэднэ. Бусдаар заалгах асуудал огт байх ёсгүй.
-Мөн ОХУ, БНХАУ-аас манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд дарамт ирэх юм биш үү?
-ОХУ, Хятад дарамтлах юм бол яагаад НҮБ-аас дарамталж болоогүй юм. Гурвуулаа л гишүүн орон. Тэр тусмаа Орос, Хятад улс НҮБ-ын байнгын хоёр гишүүн. Энэ тусгай эрхээ ашиглаад яагаад Монголыг дарамтлахгүй байгаа юм. Тэгсэн хэр нь ШХАБ-д орохоор дарамтлаад эхэлдэг байж болох уу. ШХАБ гэдэг байгууллага НҮБ-ын дүрэмд заасан зарчим, хэм хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хоёрдугаарт, дарамт, шахалт ирнэ гэж ярьж байгаа хүмүүс их байгаа.
Бид 220 жил Манж Хятадын ноёрхолд байсан. Бид 1911 онд хувьсгал хийж, тусгаар тогтнолоо авсан. Монгол Улс ууссан уу гэвэл үгүй. 1924 анхны Үндсэн хуулиа баталж, үүнээс 1990 он хүртэл биднийг ЗХУ-ын дагуул, клон, хиймэл дагуул, 16 бүгд найрамдах улс зэргээр элдвээр хараасан. Гэтэл бид 1990 онд хувьсгалаа хийж, тусгаар тогтнолоо авсан. Тэгвэл яагаад тэр үед уусаагүй юм бол.
Одоо ШХАБ-д орно гэхээр уусна, энэ хоёр биднийг хүчиндэнэ, дарамтална гэж толгойд орсон болгоноо ярих юм. Тийм зүйл байхгүй. ШХАБ-д орохоор гуравдагч хөршийн харьцаа, донор орнуудын хөрөнгө оруулалт буурна гэж үлгэр яриад хэрэггүй. Наадах чинь үлгэр байхгүй юу. Шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй, нотолгоогүй, баталгаа, баримт байхгүй ийм юмаар ард түмний толгойг эргүүлж болохгүй.
-Энэ байгууллагын талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн үг үү?
-Яг үнэн. Ард түмэнд энэ талаар ямар ч ойлголт алга. Бас нэг жишээ хэлэхэд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед төвийг сахина гэж баахан давхисан. Гэтэл ард түмэнд төвийг сахих тухай ойлголт ер байхгүй. Цагаан цаасан дээр бичихэд амархан гэж боддог юм уу. Толгойг нь эргүүлж, төвийг сахина гэж элдэв юм ярьсан. Үүн шиг аюултай бодлого байхгүй. Монголын эрх ашгийг 100 хувь хордуулж байгаа, эрх ашгийг зөрчиж байгаа чиг шугам юм. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн.
Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал 2016 онд болоход бас хэлж байсан. “Энэ аюултай юм болж байна шүү. Төвийг сахина гэдэг зүйлээсээ эртхэн татгалзахгүй бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюултай санаачилга байна шүү” гэж байсан. Үүнийг ҮАБЗ тогтоол гаргаж, цуцалсан байдаг. Бидний зөв л байсан юм билээ. Үүн шиг зарим нөхдүүд ШХАБ-д орохгүй гэж байна.
Улсын эрх ашиг гэж нэг юм бий. Тэгэхээр эрх ашигт нийцэж байгаа бол хаашаа ч явж болно. ШХАБ яг үүний нэг жишээ. НҮБ шиг, Европын холбоо шиг. АСЕАН шиг нэг л байгууллага. Энд орохоор Монгол тусгаар тогтнолоо алдана гэж хэлж байгаа хүмүүс бол олон улсын харилцааны тухай “А” ч гүй хүмүүс байна. Цагаан толгойг нь мэдэхгүй байна. Геополитикийн онолыг ерөөсөө үзээгүй, үндсэн зарчмыг нь ойлгодог ч үгүй, ойлгохыг хүсдэг ч үгүй хүмүүс. Тэгэхээр энэ бүхэнд итгэж болохгүй.
-Нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг Улстай гурван сая гаруй хүнтэй Монгол Улсыг харьцуулах нь зохисгүй. Энэтхэгийн хувьд дургүй нь хүрвэл хаалгыг нь саваад гарах чадалтай улс гэж байгаа. Энэ байгууллагаас гарах боломж нь ямар байдаг вэ?
-Алаагүй баавгайн арьсаар битгий дээл хийх гээд бай. Ороогүй байж хэлэх боломжгүй. Харин орсон хойноо надад таалагдахгүй бол гараад явчихна. Гарах нь чөлөөтэй. Үүн дээр зарим хүмүүс БРЕКС-ыг ярьж, харьцуулаад байх юм. Огт тийм зүйл байхгүй. Байдаг л байгууллага. Орлоо. Таалагдахгүй бол гараад явлаа. Энэ бол асуудалгүй.
ХАМГИЙН ГОЛ НЬ БИД ШХАБ-ААС МӨНГӨ ГУЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ
-Тэгвэл ШХАБ-д гишүүн болсноор бидэнд ямар боломжууд бий болох вэ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хийн хоолой, эдийн засгийн коридор, дэд бүтцийн асуудал дээр томоохон дэмжлэг авах боломж бий болох уу?
-Хамгийн гол нь бид ШХАБ-аас мөнгө гуйх гэж байгаа юм биш. Тэнд элсчихлээр маргааш нь хэдэн сая доллар, юань, рубль манайд ороод ирнэ гэсэн ойлголт байгаа бол түүнийгээ толгойноосоо авч хаях хэрэгтэй. Энэ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал. Интеграц гэж олон зүйлийг хэлнэ. Эдийн засгийн, соёлын, байгаль цаг уурын, хүрээлэн байгаа орчин, хүн хоорондын харилцааны гэх мэт олон юм бий. Бид олон жил ганцаардмал байдалд байсан улс.
1921 онд хувьсгал гараад 1990 он хүртэл ЗХУ-аас өөр улстай харьцаж үзээгүй. Их түгжигдмэл, ганцаардмал байдалд байсан. Энэ байдлаасаа одоо болтол гарч чадахгүй байна. АНУ, Япон, Солонгостой харьцаж, гуравдагч хөршийн харилцаатай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгэлзүй нь социализмын үедээ хэвээрээ байна. Жижиг улсын сэтгэхүйд байдаг аймшигтай юм нь, айдас. Энэ бүхнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Бид чөлөөт ертөнцөд байгаа чөлөөт улсын, чөлөөт ард түмэн. Бид хаашаа явахаа өөрсдөө сонгох ёстой.
-Гэхдээ тодорхой хэмжээний ашиг харах нь зүйн хэрэг болов уу?
-Дэд бүтцийн төслүүд хийн хоолой, байгалийн хоолой, өндөр хүчдэлийн шугам, автозам, төмөр зам ярьж болно. Гэхдээ энэ бүхэн гол нь биш. Гол нь улс төрийн асуудал байна. Тусгаар тогтнолтой холбоотой. Нэг чухал зүйлийг зориуд хэлэхэд, аливаа улсын дипломат ажиллагаа мэдээлэл дээр тогтдог. Мэдээлэл дундаа стратегийн мэдээлэл дээр тогтдог юм. Тухайн улс мэдээлэл авч үүндээ үндэслэн шийдвэр гаргадаг байхгүй юү.
Мэдээлэл байхгүй бол ямар ч шийдвэр гарахгүй. Дипломатч хүний хувьд хэлэхэд, Монголын элсэх гол зорилго бол мэдээлэл олж авах юм. Хятад, Оросоос хоёр талт хамтын ажиллагаагаар авч чаддаггүй мэдээллийг олон талаас олж авдаг. Тэр нь ямар мэдээлэл байх вэ гэхээр намайг араас хутгалах нь уу, эсвэл урдаас зүрх рүү хутгалах нь уу гэдгийг олж мэдэх тухай асуудал. Өөрийгөө хамгаалах нь аль ч улсын дипломат ажиллагаанд байдаг зүйл. Харин энд орохгүй гэртээ ганцаараа суугаад байвал юу ч олж долоохгүй.
-Энэ байгууллагын гишүүн найман орныг харахад Ерөнхийлөгчийн засаглал руу орох вий гэсэн болгоомжлол байна л даа?
-Тийм зүйл байхгүй. Энэ бол эрх тэгш орнуудын холбоо. Хятад ямар эрхтэй оролцож байна. Монгол яг л тийм эрхтэй орно. Тулган хүлээлгэнэ гэдэг нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээний үлдэгдэл гэдгийг дахин хэлье. Одоо тийм зүйл байхгүй болсон. Олон талт үйл явц гэдэг нь бүгдээрээ тэгш эрхтэй оролцдог. Нэг нь гарч ирээд дарангуйлаад босс болж, нөгөөх нь цэрэг, боол болдог зүйл огт байхгүй.
Нутаг дэвсгэр, хүн амын тоо, эдийн засгийн хөгжлийн түвшнөөс үл хамаарна. Бүгд адилхан тэгш эрхтэй орох боломжтой. Орлоо чамд таалагдахгүй бол гарлаа. Энэ бол чөлөөтэй. Дүрэмдээ ч тэгж заасан байна лээ.
-Та гурван түвшний уулзалтад аль алинд нь оролцож байсан юм билээ. Ер нь эдгээр уулзалтаас яг ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Би янз бүрийн түвшний 7-8 удаагийн уулзалтад оролцсон. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр бид ажиглагч байснаар энэ байгууллагаас юу ч хожихгүй. Харин ч илүү зардал гаргаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр зочид буудал, хоол унд, замын зардлаа төлүүлээд хуралд явдаг. Зардал гаргаж байгаа юм чинь бидэнд ашиг унах ёстой. Гэтэл ажиглагч байснаар бидэнд тийм боломж байхгүй.
Харин жинхэнэ гишүүн болчихвол тэр хэмжээний зардлаар 100 дахин илүү ашиг унана. Харин ажиглагч орон үйл ажиллагаанд бүрэн орж чаддаггүй. Яадаг вэ гэхээр хамгийн чухал юм нь бүгд хуралдаан гэж болдог. Ерөнхийлөгч нар бүгдээрээ сууж байгаад хамаг нарийн юмаа ярьдаг. Үгүй бол Ерөнхий сайд нар хамаг юмаа ярьдаг. Энд Монголыг оруулдаггүй. Манай төлөөлөгчид хурал дууссаны дараа хэвлэлийн бага хуралд нь үг хэлдэг. Ингээд л гүйцээ. Ямар хэрэг байгаа юм бэ.
Хэдийгээр хоёр талын уулзалтууд байж болох ч хурлын тухай асуудал огт яригдахгүй. Бидэнд унах унц огт байхгүй, харин ч зардал ихтэй гэж хэлээд байгаа нь энэ юм. Нарийн ширийн юмыг бүгд хуралдаанд, жинхэнэ гишүүд ярьдаг. Би ажиглагчаар 15 жил явчихсан байна. Одоо цаашдаа хэдэн жил явах вэ. Эсвэл ажиглагчаас бүр татгалзах хэрэгтэй.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.