Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд академич хэргэм хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.
Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.
Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.
Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн мэдүүлснээр дараах нэр бүхий эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээв.
- Бүдээбазарын Авид
- Бадрахын Бурмаажав
- Содномсамбуугийн Дэмбэрэл
- Сампилдондовын Чулуун
- Очбадрахын Чулуунбаатар
- Рүвжирийн Шагдарсүрэн
- Халтарын Энхжаргал
Академичдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээсний дараа:
“Эрхэм хүндэт академичид аа,
Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.
Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.
Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн.
Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.
Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.
Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна.
Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.