Эдийн засаг
Монгол Улсад “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулахаар албан ёсоор тохиролцов

Итали Улсын нийслэл Ром хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 14,15-ны өдрүүдэд оролцсон юм. Тэрбээр уг худалдаанд оролцох явцдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микэлэ Жэрачитай уулзсан.
Уулзалтаар талууд Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай олон жил ярьсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаар тохиролцсон.
Мөн түүнчлэн Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар тохирч, энэ дагуу бэлтгэл ажлыг базааж байна.

Уг уулзалтын мөрөөр өчигдөр (2019.02.25) Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд “Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай” Эрмэлзэх бичиг байгууллаа. Эрмэлзэх бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Италийн талаас тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип нар гарын үсэг зурав.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Элчин сайд, Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлипт талархаад, уг Эрмэлзэх бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үндэс суурь болно гэдэгт найдаж байна гэв. Ийнхүү Монгол Улсад “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулах эрх зүйн боломж бүрдэж, Италийн өндөр технологийг манай улсад нэвтрүүлэх, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж олдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын асар их нөөц, түүхий эдээр баялаг орон. Итали Улсын шилдэг туршлага, техник технологиийг нутагшуулах замаар түүхий эдээ бүрэн боловсруулж, гуравдагч зах зээл рүү гаргахад хамтарч ажиллах маш том ирээдүй байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам байгуулагдахтай зэрэгцэн нэхмэлийн салбарт хамтарч ажиллах чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн Монгол талын хэрэгжүүлэгчээр Монголын ноос ноолуурын холбоо ажиллаж байгаа бол Италийн талаас Итали Улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /ACIMIT/ болон Италийн худалдааны агентлаг /Agenzia ICE/ нар хамтран оролцож байна. Энэ бүхний үр дүнд өнөөдөр хоёр тал Эрмэлзэх бичигт гарын үсэг зурж, Монгол Улсад “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулахаар албан ёсоор тохиролцож байгааг Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип тэмдэглэн хэлэв.
Монгол Улс жилд ойролцоогоор 9,600 тонн ямааны ноолууран түүхий эд бэлтгэжээ

Монгол Улс жилд ойролцоогоор 9,600 тонн ямааны ноолуур, 1,400 тонн тэмээний ноос, 120 тонн сарлагийн хөөвөр, нийтдээ 10 мянга гаруй тонн ноолууран түүхий эд бэлтгэж байна. Гэсэн хэдий ч боловсруулах үйлдвэрлэл сайн хөгжөөгүйгээс хангалттай хэмжээнд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж хомс байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар тусгасан.
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд уг технологийн төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн буюу дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байна гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу онцоллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.