Нийгэм
Х.Баттулга: Эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрбээр “Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох стратеги нь Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлын чухал алхам юм.
Миний бие 2018 оны есдүгээр сард Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан билээ.
Энэхүү эрчим хүчний супер сүлжээний эдийн засгийн ач холбогдол маш өндөр болохыг Та бүхний судалгаанууд баталжээ. Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох юм.
Жишээ хэлэхэд, Монгол Улс цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг 6 цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд байна.
Хэлэлцэгдэж буй санаачилгын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчиддээ хүрэх боломжтой. Ингэснээр эцсийн хэрэглэгчид, хүмүүс өөрсдөдөө зарцуулах цаг улам их болж, амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлт гарах болно.
Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ. Гэвч энэ санаачилга харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой гэж судлаачид бичиж байна.
Монгол Улсын хувьд хөрш орнууд, бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг агуулж байна.
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ч Монгол Улс асар их нөөцтэй, уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар, салхи, нүүрс болон бусад эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.
Цэвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь байгаль дэлхийгээ хамгаалж буй энэрэнгүй үйлс тул аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд уг санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гунүлийн “Шинэ дэлхий-Эрчим хүчний шилжилж болон геополитик” сэдэвт илтгэлийг сонсов.
“Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага, Судлаачдын байр суурь: Илтгэл ба хэлэлцүүлэг зэрэг хуралдаанаар үргэлжилнэ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.