Нийгэм
ОБЕГ: Нурангид дарагдсан дөрвөн хүнийг хайж байна
өв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд осол өнгөрсөн сарын 28-ны өдөр гарч хоёр техник, зургаан хүн дарагдсан юм. Хоёр хүнийг нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ алба хаагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Уурхайн ослын улмаас дарагдсан дөрвөн хүний тухайд Баянхонгор, Булган, Улаанбаатар хотын харьяалалтай, 31-55 насны ажилчид бөгөөд ажилчдын ар гэрийнхэн нь ослын газарт ирсэн байна.
Тус компанийн удирдлагуудын зүгээс ослыг газар хөдлөлтөөс болж гарсан байж болзошгүй гэж үзжээ. Учир нь осол гарахаас нэг өдрийн өмнө 22.45 цагт Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буюу осол болсон газраас 24 км-ийн зайд 4.06 магнитутын газар хөдлөлт болсон ч холбогдох байгууллагууд ослын шалтгааныг өөрөөр дүгнэж буй. Урьдчилсан дүгнэлтээр 80 орчим метрийн өндөр хана нурсан, талбайн хэмжээг 5400м2 гэж үзжээ.
Хөрсний нуралт болсон уурхайд аврах багийг ахлан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ослын талаар “Осол гарсан өдөр уурхайн талбайд ажиллаж байгаад дарагдсан дөрвөн хүний хоёр нь эксковатор болон бульдозертойгоо шороонд дарагдсан бол насос дээр ажиллаж байсан хоёр хүн нурангиас зугтаж байгаад дарагдсан байна. Ажилчид хаана байж болзошгүй вэ гэдгийг тогтоочихсон. Гэсэн ч усны түвшин өндөр, нэмж хана даган ус урсч байгаа, дахин нуралт үүсэх эрсдэлтэй байна” гэсэн юм.
Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги үүсэх эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар аврагчид 80 метрийн гүнд нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Бид шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм. Мөн усыг шавхахын тулд олон тооны насос хэрэгтэй бөгөөд тус компанид өмнө нь ашиглаж байсан гурван ч насос ослын улмаас нурангид дарагдсан байна. Тиймээс зэргэлдээх уурхайнуудаас насос татаж ашиглаж эхэлжээ. Энэ асуудалтай холбоотойгоор уурхайн үйл ажиллагааг түр зогсоон, ажилчдыг гэрт нь буцаасан байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байгаа аж.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.