Нийгэм
АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно авто зогсоол, ногоон байгууламж тохижуулна

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.
АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн гадна талбайд авто зогсоол байхгүйн улмаас түргэний тэргээр хүнд өвчтөн зөөвөрлөж ирэхэд хүндрэлтэйгээс гадна эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан, орц гарц хаахаас эхлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж. Иймд тус эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, тохижуулах хүсэлтээ уламжилсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ газар төрийн өмч. Эдгээр хүмүүс эл газар дээр эзэмших, ашиглах, өмчлөх аль ч эрхийг аваагүй. Тийм учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу эдгээр зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд газрыг чөлөөлөн, эмнэлгийн өргөтгөл хийх зайг нь үлдээн авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна. Хэрвээ өмчлөх эрхтэй бол хэлэлцээр хийх юм. Мөн шаардлагатай гэж үзвэл энэ хавийн оршин суугчдад зориулан, давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьсан тохиолдолд бид энэ байршилд хамтарч ажиллах боломжтой. Цаашид энэ мэтчилэн гараашийг чөлөөлж, нийтийн зориулалттай авто зогсол, ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.
АШУҮИС-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд амбулаторийн үзлэгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг. Улаанбаатар хотын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд орчин нөхцөл нь ээлтэй байх шаардлагатай. Гэтэл манай эмнэлгийн гадна орчин шахуу, давчуу байгаа нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Тухайлбал, осол гэмтэлд орох, халтирч унах эрсдэлтэй байгаа юм. Хэрэв эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн хажууд өргөтгөл барин, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэхээс гадна ногоон байгууламж, авто зогсоол байгуулснаар ээлтэй орчин бий болох юм. Мөн дүүргийн хэмжээний эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлснээр Улаанбаатар хотод байгаа төв эмнэлгүүдийн ачаалал багасах давуу талтай” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгахаас ажлын явц 59 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар энэ үеэр мөн онцлов.
Ташрамд, АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман салбар эмнэлэгтэй болоод буй. АШУҮИС-ийн төв эмнэлгийн тухайд Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болсон байна. Түүнчлэн мэс заслын тасагтайгаас гадна хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.
Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.
-
Нийгэм23 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг24 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр1 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм1 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр57 минут өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм45 минут өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ