Эдийн засаг
ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.04/ Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг амжилттай хамтран хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн зургаадугаар шатны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд ОУВС-ийн ажлын хэсэгтэй хамтран хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр байгаа бөгөөд бүх тоон зорилтууд биелсэн байна. Түүнчлэн ОУВС-ийн зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа хэмээн дүгнэж байна. Хөтөлбөрийн үр дүнд 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр байна. Мөн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ эрс буурсан гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг уулзалтын эхэнд тэмдэглээд талархал илэрхийлэв.
Тэрбээр, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд бид эдийн засгаа солонгорулах шаардлага үүсээд байна. Өнөөг хүртэл импортын урсгал давамгайлж байсан бол экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй гэлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.