Нийгэм
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН АТҮТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авснаас хойш салбарынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, салбар тус бүр дээр тусгайлан үүрэг чиглэл өгч, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр тэрээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийж, 1925 онд “Монгол Улсын тээх, нэвтрүүлэх газар”-аас эхлэлтэй тээврийн байгууллага өдгөө улс, хот хоорондын ачаа болон зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, автотээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа талаараа танилцууллаа.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ болон АТҮТ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, жолооч нар мэргэшсэн байх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй байх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх тул эдгээр чиглэлийг хариуцаж байгаа АТҮТ ихээхэн анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээн уулзалтын үеэр хэллээ. Ази Европыг холбосон хамгийн ашигтай гарц болох Монгол Улс тээврийн салбараа улам хөгжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж манай улсад бүрэн бий хэмээн онцолж, цаашид транзит тээвэрлэлтийг идэвхижүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцоллоо.
Мөн тэрээр улс, хот хоорондын зорчичгч тээврийн үйлчилгээ үзүүлж буй 1090 тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр жилд 170 мянга гаруй тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хяналтын системийг цахим болгох, хяналтыг сайжруулах тал дээр томоохон ахиц дэвшил гарсан байгааг сайшаалаа.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаатай танилцаж, мотоциклийг бүртгэлжүүлэх, техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулах, тээврийн хэрэгслийн улсын дугаарт шинэ сери нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө. Жилээс жилд импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олголт, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй бөгөөд шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой гэдгийг тэрээр хэллээ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.