Нийгэм
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2453 галт тэрэг дамжин өнгөрөөд байна

Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй “УБТЗ” ХНН 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 24,7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 662,8 мянган тонноор илүү байна. Мөн хугацаанд 17,8 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 184,3 мянган тонноор илүү байна.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногт тээсэн ачааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн ачаа 34,3 мянган тонноор, экспорт 65,8 мянган тонноор, импорт 43,2 мянган тонноор илүү байна. Харин транзит 0,1 мянган тонноор ялимгүй буурсан үзүүлэлт гарчээ. Гэсэн ч оны эхнээс манай улсын нутгаар нийт 2453 галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 галт тэргээр илүү байна.
Манай тээврийн хэмжээг өсгөхөд чухал үүрэгтэй хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар нийтдээ 111 галт тэрэг хүлээн авч, 108 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 49 галт тэрэг хүлээн авч, 48 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурчээ.
Хүйтний улирал эхэлж байгаа үед дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар ДЦС-2 38, ДЦС-3 22, ДЦС-4 25, Эрдэнэтийн ДЦС 34, Эрдэнэтийн УБҮ 45, Дарханы ДЦС 28, Амгалан ДЦС 34 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Эрчим хүчний нүүрсний тээвэрт УБТЗ-ын 1200 шахам вагон явж байна.
Өнгөрсөн долоо хоногт 32,333 зорчигч галт тэргээр үйлчлүүлсэн байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 1,694,297 зорчигч галт тэргээр аялжээ.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

Нийгэм
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нутгийн хойд хэсгээр, харин 16-17-нд шилжих шөнө нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж Баян-Өлгий аймгийн нийт нутгаар бороо, нойтон цас оров.
Өлгий хот орчмоор 2,0 мм, Ногооннуур 0,1 мм, Алтай 1,0 мм, Дэлүүн 0,2 мм, Булган 8,0 мм, Буянт 1,0 мм, Улаанхус 0,7 мм, Даян 0,8 мм, Толбо 0,5 мм, Баяннуур, Цэнгэл сумдын нутгаар уулаараа хур тунадас орсон гэж Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нийгэм
Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь техникийн гэмтэл гарсаны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн системийн хандалтад доголдол үүсч бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж, хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье.
Манай инженер, техникийн баг гэмтэл саатлыг арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.
Системийн үйл ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно.
ЖИЧ: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны Сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно.
Үүссэн хүндрэл, чирэгдэлд та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
eBARIMT
Нийгэм
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Монгол Улс нь 1,564,116 км2 газар нутагтай. Үүний ердөө 24% нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Мөн 4 сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа юм.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар ажиллаж байна. Гэхдээ шилэн кабель татаж, уулын орой дээр станц байршуулах нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй учраас цаашид дэлхий улс орнууд энэхүү аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон улс шилбэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах арга барил руу шилжсэн байна.
Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутагт байгаа иргэд нийслэл хотыг зорихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг маш чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.
Өнөөдөр дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг ямар нэгэн байдлаар хөөргөжээ. Үүний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой хөөргөсөн хиймэл дагуул байна. XXI зууны эхэнд ердөө 14 улс л хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд 91 улс хиймэл дагуулаа хөөргөжээ.
Цаашид улс орнууд хиймэл дагуулыг идэвхтэй хөөргөх бөгөөд энэ нь 2028 он гэхэд 1,119,866 болох төлөвтэй байна.
Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тодотгов.
Тэрбээр өнөөдөр дэлхийн улс орнууд сансрын аялал жуулчлал, тандан судалгаа, сансраас эрчим хүч авах тухай ярьж байна. 2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ-ий өсөлт жилд 5% өснө гэдгийг хэлээд “2023 онд 630 тэрбум ам.доллар байсан сансрын эдийн засаг 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 9%, 2021 онд 600 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан хагас дамжуулагчийн зах зээл 2030 он хүртэл жилийн 6-8% тус тус өсөх хандлагатай байна” хэмээн “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Дэлхийн улс орнууд харилцаа холбооны үндэсний дэд бүтцээ сайжруулах, найдвартай, бие даасан, тусгаар тогтносон дэд бүтэцтэй болох зорилгоор Сансрын бодлогоо боловсруулж байна. Ийм цаг үед Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг хийсэн бөгөөд Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа талаарх мэдээллийг форумд оролцогчдод өгөв. Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм.
Энэ мэтчилэн үндэсний хиймэл дагуулыг тойрсон асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголттой болох зорилгоор өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ийнхүү “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг зохион байгууллаа.
-
Улс төр17 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр21 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Улс төр17 цаг өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө
-
Нийгэм23 цаг өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа