Дэлхий дахинд
Дональд Трамп хууль бус цагаачдын АНУ-д мэндэлсэн хүүхэд иргэн болдог хуулийг цуцална гэлээ
Хууль бус цагаачийн АНУ-д мэндэлсэн хүүхэд автоматаар албан ёсны иргэншилтэй болдог хуулийг цуцлах зарлиг гаргахаар төлөвлөж байгаагаа Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Axios сайтад өгсөн түүний ярилцлагад энэ тухай өгүүлсэн байна. Трамп өөрийнх нь улсад төрсөн хүүхэд бүр иргэншил авдаг энэхүү хуулийг хатуу шүүмжилж, цуцлуулахын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ гэжээ.
Гэвч түүний шийдвэр хэрэгжихийн тулд хууль эрх зүйн хүнд сорилтуудтай тулгарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тус улсын үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтэд “АНУ-ын газар нутагт мэндэлсэн хүн бүр Нэгдсэн Улсын иргэнд тооцогдоно” гэж хатуу заасан байдаг.
1952 онд батлагдсан Цагаачлал, Иргэншлийн тухай хуулинд бас ингэж тодорхой заасан байдаг юм.
Одоогийн хуулиар хууль бус цагаачдын хүүхэд АНУ-ын нутаг дэвсгэрт мэндэлснээр иргэний эрхийг бүрэн эдэлдэг. Улмаар уг хүүхэд нь 21 нас хүрээд эцэг, эх, гэр бүлийн бусад гишүүдээ АНУ-ын иргэн болгох боломжтой байдаг юм.
Гэхдээ энэ нь тийм амархан биш. Хууль бусаар АНУ-д амьдарч байсан эцэг эх нь иргэншил хүсэхээсээ өмнө төрөлх улс орондоо буцан суурьшиж, 10 жил амьдарсан байх ёстой ажээ.
Pew Research Center байгууллагын судалгаанд өгүүлснээр 2014 оны байдлаар 4 сая хууль бус цагаач АНУ-д төрсөн хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа гэнэ.
Мөн 2014 оны байдлаар хууль бус цагаачид жилд 297,000 хүүхэд төрүүлдэг гэсэн тоог Center for Immigration Studies байгууллага гаргажээ. АНУ-ыг хууль бус цагаачдаас цэвэрлэх тухай байнга ярьдаг Дональд Трамп ийм хүүхдүүдийг “зангуу буюу аргамжаа хүүхэд” (anchor babies) гэж нэрлэж байсан удаатай.
Хуулийн энэ боломжийг ашиглан “төрөлтийн аялал жуулчлал” (birth tourism) хэмээх олон саяын эргэлттэй бизнес цэцэглэж байгааг АНУ-ын хуулийнхан бас нотолдог юм.
Эх сурвалж: Business Insider