Нийгэм
“Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл” байгуулах цаг болсныг онцоллоо
“Сэтгүүлчийн хѳдѳлмѳрлѳх эрхийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2019.03.06/ МУИС-ийн номын санд боллоо.Тус хэлэлцүүлгийг Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Монголын Үйлдвэрчний холбоо /МҮЭХ/-той хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 70 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах санал санаачилга, хэрэгцээ шаардлагын талаар ярилцлаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын зүгээс сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах асуудлыг удирдан зохион байгуулж оролцохгүй. Зөвхөн сэтгүүлчид эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхээ хамгаалах харилцааг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэдгийг онцоллоо. Харин МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж, бусдын зөрчигдсөн эрх, нийгмийн асуудлын төлөө явдаг ч өөрсдийнхөө тулгамдсан асуудал, эрх ашгийг хамгаалж чаддаггүй гэдгийг хэлсэн.
Мөн хэлэлцүүлгээр МҮЭХ-ны Сургалт судалгааны төвийн захирал М.Ганаа МҮЭХ-ний бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2365 анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг бөгөөд идэвхтэн, сонгуульт гишүүн 12096, гишүүн 213.195 байдаг аж. МҮЭХ нь салбар 14 холбоо, аймаг, нийслэлийн 22 буюу нийт 36 холбооноос бүрдэж байгаа аж.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” буюу сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн асуудал бол олон жил, олон өнцгөөс, олон сэтгүүлч, удирдлагууд ярьж ирсэн. МСНЭ энэ салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд, үе үеийн удирдлагууд сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах сэтгүүлчдийн санаачлагыг дэмжсээр ирсэн. 2018 оны нэгдүгээр сарын 08-нд МСНЭ-ийн шинэ удирдлагууд хуралдаж, мөрийн хөтөлбөртөө сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулахыг дэмжинэ гэж заасан. Мэдээж сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, сайн дурын байгууллага, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл гэдэг бол яг цалингаараа амьдарч байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энэ салбараас ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүмүүс бол сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж хийх ёстой ийм бүтэц. Гэвч үеийн үед гарч байсан санаачлагууд яагаад ч юм бэ, ямар нэг шалтгаанаар сарниад алга болдог. Нэг хэсэг хэсэг тод яриад, дараа нь байхгүй, ахиад байж байгаад сэргээгээд ярина, тэгээд байхгүй болчихдог. Энэ юунаас болж байна вэ гэдгийг бүгдээрэй ярилцъя. Нөгөө талд нь МСНЭ-ээс удирдан зохион байгуулаад, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах гэж байна гэж та бүхэн ойлгож болохгүй. Бид бол та бүхний эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхээ хамгаалах харилцааг тань дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнөөг хүртэл сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн. Сэтгүүлчийн эрхийг хамгаална гэдэг нь хувь хүний хөдөлмөрлөх эрх, мэргэжлийн эрх, сэтгүүлч, редакцын мэргэжлийн эрх гээд бүх талын асуудалд чиглэгддэг. Тэгэхээр Сэтгүүлчдийн эвлэл бол цаашдаа сэтгүүлчийн бөгөөд салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дээрээс нь мэргэжлийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Харин үйлдвэрчний эвлэл байгуулагдаад ирэх цагт сэтгүүлчдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой. Энэ чиглэлийн байгууллагыг одоо ярих биш хийх цаг болсон гэж үзэж байна. МСНЭ-ээс нэг зүйлийг л та бүхэндээ уриалж байна. Нэгдүгээрт Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо сайн судлаасай. Мөн энэ ажлыг хийх чинхүү сэтгэл, зорилготой байх ёстой. Эцсийн эцэст та бүхний хөдөлмөрлөх эрхийг та бүхэн өөрсдөө л хамгаална. Тийм учраас энэ байгууллагаа Монгол Улсын хуулийн хүрээнд, зөв зүйтэй байдлаар, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, ямар хэмжээнд зохистой авч явах вэ гэдгийг олон талаас нь бодох ёстой” гэлээ.
Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн талаар яривал маш олон зүйлийг ярина. Миний мэдэж байгаагаар сүүлийн дөрөв, таван жил та бүхэнтэйгээ олон улсын болон Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсний ой, хэвлэлийн эрх чөлөөний өдөр голчлон хөдөлмөрлөх эрхийн асуудлаар, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийн асуудлаар уулзаж ярилцаж байна. Жил бүр тулгамдсан асуудлаа тод томруунаар яьдаг. Энэ чиглэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа байгуулъя гэж тохирдог. Дараа жил нь уулзахад үйлдвэрчний эвлэлийн тоо хэмжээ энэ салбарт маань төдийлөн нэмэгддэггүй байдалтай хэдэн жилийг үдэж байна. МҮЭХ-ний үндсэн үүрэг бол эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, тэднийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлынх нь хүрээнд төлөөлөн хамгаалах, гишүүддээ болон нийгэмд үйлчлэх олон нийтийн байгууллага юм. МҮЭХ-ийг төрийн бус байгууллага /ТББ/ гэсэн ангилалд оруулах гээд байдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь олон улсын хэмжээнд ч, Монгол Улсын хэмжээнд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиараа өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулдаг, хамгаалуулдаг, төрийн бус байгууллагын хуулиар үйл ажиллагаа нь зохицууллагддагүй цорын ганц байгууллага.
Монгол Улс зах зээлд орох үед тухайн үеийн анхны хууль нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль бөгөөд шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө 1991 онд батлагдаж байсан. Энэ хуулиндаа манай үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, идэвхтэй гишүүд маань хайртай байдаг. Энэ хуулийг өөрчилж, ТББ-ын хуулиар явуулах гэж шийдвэр гаргагч нар, ялангуяа УИХ-ын гишүүд эрмэлзэж эхэлж байгаа.
НҮБ-ын төрөлжсөн нэг байгууллага болох ОУ-ын хөдөлмөрийн байгууллага байгуулагдаад, эхэлж баталсан конвенцуудын нэг нь 87-р конвенц буюу чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн тухай байдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг харгалзаад үзэхэд үйлдвэрчний эвлэлийн, эвлэлдэн нэгдэх эрх язгуур эрх юм байна гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа байх.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд бол аль ч улсад дөрөв дэх засаглалын үүрэгтэй, нийгэмд та бүхний дэм тулалцаа их байдгийг онцолж хэлмээр байна. Харамсалтай нь манай хэвлэлийнхэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амь, амьдралыг орхиж, бусдын зөрчигдсөн эрхийн төлөө явдаг. Тэгсэн мөртлөө өөрсдийнх нь тулгамдсан асуудал маш их байдаг. Өнөөдөр Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээгээр Улсын хэмжээнд дундаж цалин 969 мянган төгрөг байна. Гэтэл сэтгүүлчдийн дундаж цалин 600 мянга хүрэхтэй үгүйтэй л байгаа. Цалингаар бүх зүйлийг тодорхойлж болно. Тэгэхээр цалингийн тоон үзүүлэлтээр дундаж цалингаар аваад үзэхэд энэ салбарт ажиллаж байгаа дийлэнх хувь нь байгаа. Мэдээж өндөр цалинтай нь ч бий, энэ бол маш сайн. Тэгэхээр эрхээ хамгаалах энэ асуудал руу сүүлийн хэдэн жил хамтарч ажиллаж байгаагаа ажил хэрэг болгох шаардлага байна гэж үзэж байна. Гэхдээ эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад орох нь хувь хүний сайн дурын асуудал юм. Манай үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, ажилтнууд хэвлэл мэдээллийн байгууллагаар яваад, та нарыг хүчээр үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулж чадахгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр бүх эрх та бүхний гарт байна. Гэхдээ мэдээж эрхээ эдлэхийн тулд хуулийн хүрээнд, хууль эрх зүйн орчныг маш сайн судалж, эрхээ эдлэх, сайжруулах хэрэгтэй гэдэг Мандахбаяр Ерөнхийлөгчийн үгтэй санал нэг байна. Үйлдвэрчний эвлэлийн эвлэлдэн нэгдэх гэдэг маш хүнд үед олж авсан эрхээ бид хуулийн хүрээнд эдлэх ёстой” гэв.
МҮЭХ-ны Сургалт судалгааны төвийн захирал М.Ганаа “Үйлдвэрчний эвлэлийн хамгийн анхан шатны байгууллага нь “Үйлдвэрчний эвлэлийн хороо” байдаг. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиар иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хууь ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор ямар нэг ялгараваргүйгээр чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, байгуулсан байгууллагыг “Үйлдвэрчний эвлэлийн хороо” гэнэ. ААН, байгууллагын дэргэд “Үйлдвэрчний эвлэлийн хороо” ажиллана. Олон салбар нэгжтэй, томоохон байгууллагын дэргэд нэгдсэн хороо ажилладаг. Үйлдвэрчний эвлэлийн хороод нь мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар эвлэлдэн нэгдэж, аймаг нийслэлийн буюу мэргэжил үйлдвэрлэлийн “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”-г байгуулдаг. Үйлдвэрчний эвлэлүүд гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж ойлгох хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр нэгдэж, холбоо байгуулна. Хуулиараа Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь “Бүх гишүүдийн хурал”, олон салбар нэгжтэй бол төлөөллийн хурал хийдэг. Тэгэхээр тухайн байгууллагын бүх гишүүд хуралдаж, үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулна гэсэн үг. Энэ хурлаасаа нэгдүгээрт үйлдвэрчний хорооны даргаа сонгодог. Хоёрдугаарт тэргүүлэгчдээ сонгоно. Гуравдугаарт нь хянан шалгах комиссын гишүүдийг сонгодог дүрэмтэй. “Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны бүтцийн хувьд дарга нь тэргүүлэгчдийнхээ бүрэлдэхүүнд автоматаар орно. Тэргүүлэгчид нь ихэвчлэн 3-7 хүнтэй байдаг. Хянан шалгах комисс нь 3-5 хүнтэй, энэ комисс нь өөрсдөө хуралдаад дотроосоо даргаа сонгоно. Ингэж үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдана” гэж тайлбарлалаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ