Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тамгын газар ил далд сонирхолоо татах хэрэгтэй
-МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэрэгтэй гэдгээ илэрхийллээ. Энэ талаар таны бодол?
-Энэ талаар өчигдөр харсан. Надад бол хоёр гурван юм бодогдлоо. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь гээд асуудлыг гаргаад ирэхэд миний бие дэмжиж байсан уу, дэмжиж байсан. Авилгалтай холбоотой, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, Засаглалтай холбоотой асуудлууд байгаа юу? Байгаа. 60 тэрбумтай холбоотой зэрэг олон асуудлууд дээр би Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө МУ-ын төрийн тэргүүн, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч парламентыг тараана гэдэг замаар хандаж болохгүй гэж бодож байна. Аливаа нэг зүйлийг хийхийн тулд тухайн улс төрч юу гэж бодож байгаа нь тухайн хүний асуудал. Гэхдээ энэ нь бидний бодож байгаагаас өөр өөр үр дүнгүүд дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй иргэд энэ асуудлыг дэмжин хөөрч, өөр хоорондоо мөргөлдвөл юу болох вэ? Энэ жижигхэн улс мөргөлдөөд эхэлбэл бусад улс орнууд хэрхэн яаж харах вэ зэрэг олон бодох юм байна. Төрийг муухай харагдуулж байгаа авилгалтай холбоотой олон асуудал байгаа. Үүнийг байнга хэлсээр ирсэн. Гэхдээ манай улс парламентын засаглалаас татгалзах замаар асуудлыг шийдэж хэрхэвч болохгүй. 1990 онд бид тайван замаар ардчиллыг олж авсан. Өнөөдөр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй амьдарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ийм асуудал яригдаж байгаа ч үүнийг ийм замаар шийдэж огт болохгүй. Шулуухан хэлэхэд авилгалтай холбоотой болоод бусад асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ил болон далд хэлбэрээр Ерөнхийлөгчийн засаглал руу санаархдагаа одоо зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголын ард түмний язгуур эрх ашгийг бас бодох ёстой. Гэхдээ энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хороо, бүлгээр хэлэлцэгдээд эерэгээр шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн санаа эхнээсээ бүтэхгүй гэдэг нь харагдаж байгаа. УИХ-ын 64 суудалтай МАН-ын бүлэг УИХ-ыг тараана гэж байхгүй, тийм санал ч УИХ-ын гишүүдэд байхгүй байх. Үүнийг та хэрхэн харж байна. Улс төр үү? Эсвэл ардаа ямар нэг дагуултай үйлдэл үү?
-Үүнийг МАН 65 суудалтай байгаа эсвэл Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон, 20 оны сонгууль болох гэж байна гэдгээр хармааргүй байна. Энэ бол олон нийт, иргэдийн бухимдал дээр гарч ирж байгаа илэрхийлэл мөн. Маш их бодох ёстой асуудал. Ерөнхийлөгч энэ үйлдлээсээ ухрах болов уу гэж бодож байна. Бид бие биеэ шүүмжилдэг парламентын энэ засаглалаасаа татгалзвал эцэг өвгөдийнхөө амь бие цусаараа бүтээсэн тусгаар тогтнолын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Үнэхээр болохгүй байгаа хүмүүсээ сонгуулиараа өөрчил л дөө. Яагаад заавал тогтолцоогоо өөрчилж, бүхнийг одоо байгаа хүмүүсээр бодож явцуурах ёстой гэж. Хэдхэн жилийн өмнө л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дарангуйлал тогтлоо гээд л ярьж явсан шүү дээ. Түүнийг нь би мартдаггүй юм. Гэтэл өөрөө Ерөнхийлөгч болчихоод Парламентад яагаад дургүй болчихов. Яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУ-ын Парламентын дарга байсан, Парламентын үнэ цэнэ, жижиг улсад тохирох засаглал гэдгийг хамгийн сайн мэдэх түүхэн хүн өнөөдөр үзэл бодлоосоо ухрах болов. Одоо байгаа бүх хүмүүс байр байрандаа мөнхөд байна гэсэн үг биш шүү дээ. Хэн нь ч Ерөнхийлөгч болж болно, хэн ч парламентын гишүүн болж болно, аль ч нам засгийн эрх барьж болно. Энэ бүх зүйл дээр “ХҮН” гэдэг талаас нь харах юм бол бас алддаг. Жишээлбэл Гүйцэтгэх засаглал дээр АТГ-ыг хавсрах тухай асуудал яригдаж байна. Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийж байгаа гэдэг дээр би санал нэгддэг. 60 тэрбумтай холбоотой болон олон асуудал дээр хаацайлж байгаа зүйлүүд байсан. Одоо ч гэсэн бид Цэцэд өгчихөөд байна. Гэхдээ Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийснээс АТГ-ыг татан буулгана гэдэг ч юм уу, УИХ-ын институцид байсан газрыг татаж авчраад Ерөнхий сайдын хажууд тавина гэдэг бас байж болохгүй асуудал. Намын дарга АТГ-ыг удирдаж болохгүй юм. ЖДҮСангийн зээлийн асуудалд оролцсон, нийгэмд муухай харагдаж байгаа гишүүдээр далимдуулан үйл явдалд хандаж болохгүй. Бид өөрсдийн байгуулсан ардчилсан үнэт зүйл, Үндсэн хуулийн зарчмаасаа ухарч болохгүй. Ийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь түгшүүртэй, сайн бодох нөхцөл байдалд оруулж байна. Иргэд маань их тайван нухацтай бодож, зарчмын хувьд их зөв харах ёстой. Төрийн гурван өндөрлөг зөвшилцлийн ширээнд сууж уулзаж ярилцах ёстой. Заавал засаглалынхаа хэлбэрийг өөрчилж, иргэдийг уриалан дуудаж, Олон улсад хүнд байдалд орохгүйгээр хууль эрх зүйн хувьд олон боломжит хувилбаруудаас сонгож шийдээсэй гэж хүсэж байна.
-Өлсгөлөн зарлана гэж үг унагасан. Болчимгүй үгийг амнаасаа унагачихав уу, улс төрийн зорилготой байв уу. МУ-ын Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлахаар энэ улс юу болох юм бэ?
-Энэ асуудлыг би өөрөө ч бас үзсэнгүй цахимаар явж байна. Ийм үйлдэл хийгдэхгүй байх гэж итгэж байна. Ингэхийн тулд зөвшилцлийн ширээний ард суух ёстой. Нийгэмд бухимдал төрүүлээд байгаа нэг үйл явдлаар дөрөөлж бүхэл бүтэн парламентат ёс, эрх зүйт төр, эрх мэдлийн салангид байдал руу тэмүүлж байж бүр илүү их алдаа руу орвол хэн хариуцлага хүлээх вэ. Төрийн гурван өндөрлөгийн үг бол туйлын хариуцлагатай байх ёстой. Ард иргэд та бүхний үгийг дагах, хөөрч шуурах, бүр сохроор дагах ч зүйл байгаа. Ийм үед асуудлыг хамаагүй хөөргөж дэвэргэх нь тийм сайн зүйл биш байх. Магадгүй намайг намаа хамгаалж байгаа, эсвэл парламент тарчихвал Л.Оюун-Эрдэнэ гэх хүнд их хүнд зүйл тохиолдох гээд байгаа гэх өнцгөөр ярьж байна гэж битгий бодоорой. Дэлхийн 180 гаруй орны түүхэнд 30 гаруй улсад ийм үйл явдал тохиолдсон байдаг. Энэ бүхэн дандаа сөрөг үр дүн авчирсан байдаг. Дараа нь ямар нэг мөргөлдөөн тэмцэл гарвал өдөөн турхирсан хүмүүс өөрсдөө гараад явчихдаг. Энгийн иргэд, ард түмэн л тэр бүхний золиос болж үлддэг. Тэгэхээр эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг бол бидэнд эдийн засгаас илүү язгуур үнэт зүйл юм. Үүний л төлөө өвөг дээс маань тэмцэж ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа шүүмжилж чаддаг. Улс төрийн намуудыг сонгуулиараа сольж чаддаг. Үнэхээр болохгүй байгаа сайдыг олуулаа нийлээд огцруулж чаддаг эрх чөлөөтэй байна. Монголд сайн зүйл ч байна. Болохгүй юм ч байна. Болохгүйгээ бид хууль эрх зүйн хүрээнд засч залруулж явах ёстой.
-ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг буруутгасан. Гэтэл таны нэр ч тэр дунд явж харагдсан. Жагсаалтын 48 дугаарт Л.Оюун-Эрдэнэ гээд байгаа нь та мөн үү?
-Би үүнийг олон удаа тайлбарлаж байна даа. Энэ сангаас зээл авч байсан эсэхийг тодруулж өгнө үү гэсэн албан бичгийг би явуулсан. Тус сангаас ирүүлсэн тодорхойлолтонд зээлд хамрагдаж байгаагүйг тодорхойсон албан бичгийг хариу ирүүлсэн. Гэхдээ адилхан нэртэй хүн 10 сая төгрөгийн зээл авсан гэдэг мэдээллийг надад өгсөн. Энэ хүний талаар мэдээллийг авч бас болохгүй байна. Хувь хүний мэдээлэл учраас өгөх боломжгүй юм байна. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэ асуудлын хувьд улс төрд байгаа хүмүүс холбогдсоноор энэ зээлийн асуудал байхгүй болох ч юм уу тийм зүйл байж болохгүй. Улсын хөгжлийн хувьд маш чухал ажил. Дахиад улс төрчид холбогддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хязгаарлаж зохицуулах ёстой. Манайхан ч өөрсдөө бодох учиртай. Олон нийтэд нээлттэй зарлагдаж иргэдэд энэ зээл хүрэх ёстой. Ямар шугамаар хүргэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Жишээлбэл, би хэзээ ч концессийн эсрэг байгаагүй, харин концесст УИХ-ын гишүүд өөрсдөө холбогдохын эсрэг л байсан. Дэлхийн бүх улс орнууд шууд төсвөөс мөнгө гаргах боломжгүй эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудлаа концессоор л шийдэрлэдэг. УИХ-ын гишүүд өөрсдийн компани дээр концесс аваад, авилгалын асуудалд холбогддог. Одоо бүх нийтээрээ концесс гэдэг буруу юм байна гэдэг ойлголтыг манайханд өгчихсөн. Тэгэхээр энэ мэт зүйл дээр бид бодолтой байх ёстой. Бүх зүйл жам ёсныхоо дагуу нээлттэй ил тод байх нөхцөл байдал руу явж байна. Хэрвээ үүнтэй хөл нийлүүлэхгүй бол улс төрийн тэргүүлэх хоёр нам хоёулаа улс төрийн байр сууриа алдана. ЖДҮДСангийн зээлийн асуудлаас үүдээд парламентыг тараах хүртэл асуудал хөндөгдөж байна. 3 хувийн хүүтэй зээл авчихаад 15 хувь хүртэл хүүлсэн үйл ажиллагаа явуулсан бол энэ гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй. Ажиллахдаа суббъектив хүрээнд ажиллаж болохгүй. Шүүх засаглал дээр асар олон асуудлууд үүссэн байна. Монголд шударга ёс гэж юу вэ гэхээр Шударга шүүх гэж хариулж чадахгүй болсон. Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс энэ асуудлыг шаардаж байна. Шударга ёсыг тогтооё гэхээр Шүүхийн хараат бус байдал руу халдах болчих гээд байдаг. Хууль хяналтын байгууллага аль болохоор улстөрчдөөс хараат бус байдлаа хангаж хуулиндаа захирагдаж, томилсон даргадаа үгүй гэж хэлж чаддаг, өөрийн буруугаа хүлээж чаддаг, эсвэл хэн нэгэнд өс бодож заавал унагаая зэргээр хөөцөлддөг ийм нэг жишгээс бид гарахгүй бол цааш явж чадахгүй болчихоод байна. Зунжингаа л надтай хөөцөлдөх шиг боллоо. Эрх бүхий байгууллага хүмүүсийн дургүйцлийг 60 тэрбумын асуудлаас болж хүргэсэн байна гэцгээж байна. Цаашдаа Шүүх засаглал, Прокурор, АТГ-тай холбоотой асуудлыг би гаргаж тависаар байх болно. Жам ёсны тогтолцооны асуудлыг л яриад байгаагаас биш, хэн нэгэнд дургүйдээ, бас сайндаа хийгээд байгаа асуудал биш ээ. Яалт ч үгүй болохгүй байгаа зүйлийг л би хөндсөн юм.
Эх сурвалж: www.zarig.mn
Ярилцсан: Н.Өнөрцэцэг

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.