Улс төр
Хуульч Д.Оросоо: УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авахад оролцсон нь тогтоогдвол 2-8 жилийн хорих ял эдлэх үндэслэл болно

ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компаниудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудал олны анхаарлыг татаад буй. Уг сангаас УИХ-ын гишүүд төрийн өндөр албан тушаалаа ашиглан зээл авахад нөлөөлсөн нь тогтоогдсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх талаар хуульч Д.Оросоогоос тодруулга авлаа.
–УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан эсэхийг хуулийн хүрээнд шалгах боломж гарц нь юу юм бэ?
-Авлигын эсрэг хуулинд авлига, ашиг хонжоо гэсэн ойлголтуудыг маш нарийн тодорхойлж өгсөн байдаг. Уг хуулин дээрээ эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулж ашиглах, бусдад болон өөртөө давуу байдал бий болгох, эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө бий болгож байгаа үйлдлийг авлига буюу ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үздэг. Хуулийн энэ тодорхойлолтоос харах юм бол албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулж ашигласан, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон. Мөн эдийн болон эдийн бас ашигтай байдлыг өөртөө болон бусдад бий болгосон гэж үзэх үндэслэл харагдаж байгаа юм.
-Нийслэлийн Прокурорын гадраас уг асуудлыг нарийвчлан шалгаж эхэлсэн юм билээ?
-Мэдээж хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох ёстой. Тэр дагуу АТГ-аас холбогдох асуудлыг шалгаж эхэллээ гэж харсан. Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйл дээр улстөрийн албан тушаалтанд хориглох зүйлүүдийг зааж өгсөн байдаг. Энд юу байдаг вэ гэхээр, улстөрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан, давуу эрх эдлэхийг хориглодог. Уг заалтаас харахад, УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээл дээр өөрсдөдөө давуу байдал бий болгочихсон гэж харагдаж байгаа. Ингэж хардах бүрэн үндэслэлтэй. Үүний дагуу хянан шалгах үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм.
-Энэ төрлийн авлигын шинж чанартай гэмт хэргийг Эрүүгийн хуульд хэрхэн зааж өгсөн байдаг юм бэ?
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад энэ төрлийн гэмт хэргийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэргийг зааж өгсөн байдаг. Алтан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол үүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэж үзнэ гээд заагаад өгчихсөн. Уг шинжээр нь авч үзэх юм бол УИХ-ын гишүүн бол хуульд заасны дагуу төсвийг батлах бүрэн эрхтэй. Тэр утгаараа, ЖДҮХС-гийн төсөв санхүүг УИХ баталж өгдөг. Гэтэл УИХ-ын гишүүд уг баталсан төсвөө өөртөө авчихсан байна гэдэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны нэг илрэл юм. Өөрсдийн баталсан төсвөө өөрсдөө зарцуулчихсан юм байна гэх хардах өнцгийг үүсгэж байгаа. Тиймээс л энэ хэргийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.
-Хэрвээ шалгах явцад гэм буруутай нь тогтоогдвол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
-Энэ төрлийн хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүндрүүлж авч үздэг. Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүнд хамаарна. Ийм албан тушаалтан энэ төрлийн хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг нь 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, торгодог. Мөн 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэл болж өгдөг.
-Зарим зээл авсан гишүүд буцаан төлөхөө мэдэгдсэн. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?
-Хохирол үүсгэсэн эсэх, зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч, хуулийн хариуцлагаа хүлээх эрхзүйн зохицуулалттай юм. Хамгийн гол нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан, ашигласан гэдэг үйлдэл дээрээ хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Одоо зээлээ буцаагаад төлсөн байх, эргэн төлөлтөө төлчихсөн байх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн зохицуулалт байхгүй.
-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээс үл хамаарч хуулийн хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлтэй гэсэн үг үү?
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь энэ хэргийг шалгахад нөлөөлөхгүй. Холбогдох ажиллагааг явуулах бүрэн бололцоотой. Шаардлагатай бол, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах боломж хүртэл байгаа. Үнэхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол УИХ, Засгийн газрын гишүүн байх нь хамаагүй. Жирийн иргэний нэгэн адил хуулийн хариуцлагаа үүрээд явах учиртай. Тиймээс УИХ-ын гишүүдийн бүрэн эрх нь энэ хэргийг шалгахад ямар нэгэн байдлаар хаалт үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Хуульч хүнийхээ зүгээс ингэж л харж байгаа.
Ж.МЯДАГБАДАМ

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.