Нийгэм
Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар мэдээлэл хийлээ.
Дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.03.21/ байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт 6 аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,388,237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг, 52 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна” гэлээ.
Дэд хурандаа Д.Хадбаатар “Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хийж байна. Эргүүлийн хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн 3 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм”. гэлээ.

Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдахад гурав нь медалийн тавцанд гарч, нэг нь шагналт тавдугаар байрт шалгарав.
Тухайлбал, тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардсан юм.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийгэм
Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байхыг хүсжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд гуравдугаар сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусоктой уулзжээ.
Ингэхдээ Монгол Улсын иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тул энэ ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байх, Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж буйг даруй зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Өмнөд Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцсон байна.
Өмнөд Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусок хэлэхдээ “Суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг. Тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч буйг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Өмнөд Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа хэлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
-
Эдийн засаг18 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно
-
Нийгэм20 цаг өмнө
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна
-
Эдийн засаг18 цаг өмнө
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Нийгэм21 цаг өмнө
“Эмчээ сонсъё” арга хэмжээ болно
-
Нийгэм24 цаг өмнө
Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Нийгэм16 цаг өмнө
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ