Нийгэм
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.
Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.
Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.
Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.