Нийгэм
Хүрэн баавгай, шивэр хандгай агнасан этгээдүүдийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг тус тус илрүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд Та бүхэн холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллийг бусдад сэрэмжлүүлж байна.

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.