Нийгэм
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох байна. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тухай бүсийн айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг ажлын хэсэг гаргаж хийх байна. Мөн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх гадна фасад болон үүдний амбаарын хэсгийг заавал хариуцах байна.
Харин НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Нийслэлийн 52 мянган өрхийг ямар шалгуураар сонгосон, алслагдсан дүүргүүдийн өрхийг хэрхэн хамруулах, төсөл хэрэгжсэн эхэлсэн тохиолдолд наад зах нь хийн буюу газ ашиглах, төхөөрөмжийг зөв хэрэглэх тал дээр хэн хяналт тавих вэ. Урамшуулалд хэчнээн төгрөг зарцуулах вэ” гэдгийг тодруулав. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Айл өрхүүдэд хэдий хугацаанд урамшуулал өгөх, урамшууллыг хэрэглээнд бус дулааны алдагдлыг буруулах зорилгоор хийсэн дулаалгын материал, төхөөрөмжийн үнэд ч юм уу өгөх боломжтой юу. Тэгвэл урамшууллаас илүү эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн тодрууллаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар дараах хариултыг өглөө. Тодруулбал, айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гурвалсан гэрээг байгуулна. Гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллах байна. Ялангуяа хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч сургалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад зөвхөн өрхөөс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулах байна. Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж хийн хэрэглээний талаар иргэд дутуу дульмаг мэдлэг, мэдээлэлтэйгээс үүдэн сөрөг ойлголттой буюу айдастай байгаа. Тиймээс энэхүү төслийн хариуцагчид болон салбар мэргэжлийн байгууллагууд иргэдийг зөв мэдээллээр хангах чухал байна гэдгийг онцлон санал хэллээ. Улмаар Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай болон бусад асуудлыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Нийгэм
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нутгийн хойд хэсгээр, харин 16-17-нд шилжих шөнө нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж Баян-Өлгий аймгийн нийт нутгаар бороо, нойтон цас оров.
Өлгий хот орчмоор 2,0 мм, Ногооннуур 0,1 мм, Алтай 1,0 мм, Дэлүүн 0,2 мм, Булган 8,0 мм, Буянт 1,0 мм, Улаанхус 0,7 мм, Даян 0,8 мм, Толбо 0,5 мм, Баяннуур, Цэнгэл сумдын нутгаар уулаараа хур тунадас орсон гэж Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нийгэм
Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь техникийн гэмтэл гарсаны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн системийн хандалтад доголдол үүсч бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж, хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье.
Манай инженер, техникийн баг гэмтэл саатлыг арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.
Системийн үйл ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно.
ЖИЧ: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны Сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно.
Үүссэн хүндрэл, чирэгдэлд та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
eBARIMT
Нийгэм
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Монгол Улс нь 1,564,116 км2 газар нутагтай. Үүний ердөө 24% нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Мөн 4 сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа юм.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар ажиллаж байна. Гэхдээ шилэн кабель татаж, уулын орой дээр станц байршуулах нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй учраас цаашид дэлхий улс орнууд энэхүү аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон улс шилбэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах арга барил руу шилжсэн байна.
Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутагт байгаа иргэд нийслэл хотыг зорихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг маш чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.
Өнөөдөр дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг ямар нэгэн байдлаар хөөргөжээ. Үүний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой хөөргөсөн хиймэл дагуул байна. XXI зууны эхэнд ердөө 14 улс л хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд 91 улс хиймэл дагуулаа хөөргөжээ.
Цаашид улс орнууд хиймэл дагуулыг идэвхтэй хөөргөх бөгөөд энэ нь 2028 он гэхэд 1,119,866 болох төлөвтэй байна.
Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тодотгов.
Тэрбээр өнөөдөр дэлхийн улс орнууд сансрын аялал жуулчлал, тандан судалгаа, сансраас эрчим хүч авах тухай ярьж байна. 2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ-ий өсөлт жилд 5% өснө гэдгийг хэлээд “2023 онд 630 тэрбум ам.доллар байсан сансрын эдийн засаг 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 9%, 2021 онд 600 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан хагас дамжуулагчийн зах зээл 2030 он хүртэл жилийн 6-8% тус тус өсөх хандлагатай байна” хэмээн “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Дэлхийн улс орнууд харилцаа холбооны үндэсний дэд бүтцээ сайжруулах, найдвартай, бие даасан, тусгаар тогтносон дэд бүтэцтэй болох зорилгоор Сансрын бодлогоо боловсруулж байна. Ийм цаг үед Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг хийсэн бөгөөд Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа талаарх мэдээллийг форумд оролцогчдод өгөв. Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм.
Энэ мэтчилэн үндэсний хиймэл дагуулыг тойрсон асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголттой болох зорилгоор өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ийнхүү “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг зохион байгууллаа.
-
Нийгэм8 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр12 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ
-
Улс төр8 цаг өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө