Эдийн засаг
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад Засгийн газар зөв шийдвэр гаргасан
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн долоо хоногт томилолттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байсныг нь би харсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 09-ны өдрийн хуралдааных. Тухайн үед Аж үйлдвэр хариуцан ажиллаж байсан сайдын хувьд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай бичиг нь байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.
“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАХ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ЗӨВ БАЙСАН
Гэхдээ үүнийг “Ростех”-ийн захирлын бичгийг монгол хэл дээр орчуулалгүй нийтэд тараасан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт тодорхой бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа шүү гэдэг өгүүлбэр захидалд бичсэн. Энэ 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн.
Бид нар мөнгө босгоод авчих байсан юм гэж ярихад амархан. Ярих, хийх хоёрын дунд асар их зөрүү бий. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш дотроо ярьсан. Үнэхээр дээрх 12 хоногийн хугацаанд санхүү, эдийн засгийн хувьд төр өөрөө худалдан авах боломжгүй байсан.
Мөн УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч шууд улстөржилт рүү явуулсаныг үйл явц нь батална. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учраас “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан гэдгийг би өнөөдөр хүртэл дэмждэг. Энэ бол Засгийн газраас гарсан хамтын шийдвэр. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгай гэдэг нь өөр асуудал. Оросын талаас санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл огт биш.
Энэ бол улс төрийн шийдвэр байсан.Тухайн үеийн Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Яагаад гэвэл өнөөдөр хүн бүхэн “Эрдэнэт” үйлдвэрийг харж байна. Өнөөдөр энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсныг хэн ч буруутгаж чадахгүй гэдгийг би ойлгож байна. Гагцхүү цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллаасай гэж хүсч байна.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Тухайн үед яагаад ОХУ-ын тал “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах болсон бэ?
-Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байснаас ашиггүй юм байна гэж үзэж ОХУ зарах болсон гэж ойлгож байгаа.
-Төр өөрөө худалдан авах боломжтой байсан юм уу?
-Төрд тухайн үед 400 сая ам.доллар огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үе байсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Тухайн захидалдаа хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсан.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанк санхүүгийн зөрчил гаргасан гэсэн мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авах үйл ажиллагааг мөнгө угаалт гэж хэлээд байх шиг байна. Санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Засгийн газар өөрөөс хамаарах улстөрийн шийдвэрээ гаргасан. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна.
-Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар “Монголиан коппер корпорейшн”-д очсон гэдэг нь үнэн үү?
-Аж үйлдвэрийн яамд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Тухайн үеийн яамны төсвийн бүх зарлага нь ил тод байгаа. Уг асуудалд Аж үйлдвэрийн яамыг улстөрийн зорилгоор татан оролцуулна гэвэл ийм асуудал байж болохгүй. Аж үйлдвэрийн яам ямар ч холбоогүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болж хамаарна.
– “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах Засгийн газрын тогтоолд та гарын үсэг зурсан байсан. Уг баримт худлаа гэсэн үг үү?
-Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үед Засгийн газраас шийдвэр гаргасан хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Яагаад гэвэл Монголд “Эрдэнэт”-ийн 49 хувь орж ирэх боломж дээр би өөрийнхөө итгэл үнэмшил, зарчмынхаа хүрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал огт байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон шийдвэрийг та юу гэж харж байна вэ?
-БНМАУ-ын Бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал.
-Тухайн үед Засгийн газар Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудлыг нууцаар хэлэлцсэн нь ямар учиртай юм бэ?
-Олонхийн шийдлээр нууцаар хэлэлцсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар төрийн гурван өндөрлөг гурвуулаа огт мэдээлэлгүй байсан гэдэг нь худлаа. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд бусад нь мэдээгүй гэдэгт би хувьдаа итгэхгүй. Төрийн гурван өндөрлөг мэдэж байж уг асуудлыг оруулж ирсэн гэдэгт өнөөдрийг хүртэл би бат итгэлтэй байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.