Эдийн засаг
Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай юм байна

Монголд өнөөдөр хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан, улсын өмчийн Хөгжлийн банкныхан байдаг гэхээр хаанаас санхүүждэг, ямар зорилготойг нь ойлгож ядах явдалгүй мэт.
Тухайлбал өнөөдөр Монголд 595 Банк Бус Санхүүгийн Байгууллага бүртгэлтэй байгаагаас 35538 төрийн өндөр албан тушаалтны 82 ББСБ байна.
Үүнээс УИХ-ын 4 гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.
Тодруулбал :
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ
2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ
3. Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ
4. Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ
5. Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ
6. Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ
7. Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл” ББСБ
8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)
9. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ
10. УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ
11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ
12. Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс” ББСБ
13. Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна.
Монголын төв банк, төрийн өмчит банкны эзэд нь өөрсдөө “мөнгө хүүлэгчид” байгаа нь ариун явдал мөн үү. Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа “хүүлж” байгааг хууль хяналтын байгууллагууд шалгаж чаддаггүй юм болов уу.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.