Энтертайнмент
Хүн төрөлхтний буруутай үйлдлээс болж зэрлэг ан амьтдын тоо 60 хувиар буурчээ

Дэлхийн нийт амьтдын тоо толгой 1970 оноос хойш 60 хувиар хорогдсон хэмээн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангаас өчигдөр /2018.10.30/ гаргасан “Амьд ертөнц” хэмээх илтгэлдээ дурджээ.
“Өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлт, хоол хүнс, амьдрах газар нутгийн хэрэгцээ, тэдний зохисгүй үйлдэл зэрэг нь байгаль дэлхийг, зэрлэг амьтдын ертөнцийг хөнөөж байна” хэмээн илтгэлд бичсэн байна. “Нөхцөл байдал маш муу байгаагийн дээр бид байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах шийдвэртэй алхам хийхгүй байна. Харин сайн мэдээ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийд ямар их хохирол учруулж байгаагаа мэдэж байгаа явдал юм” хэмээн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн захирал Марко Ламбертини хэлэв. Ингээд тус илтгэлд дурдагдсан зүйлсийг товчлон хүргэе.
Амьтдын тоо толгой ховордож байна
1970-2014 оны хугацаанд дэлхийн нийт сээр нуруутан амьтдын тоо толгой 60 хувиар буурчээ. Ялангуяа усны сээр нуруутан амьтдын тоо 80 хувиар буурсан байна. Бүс нутгийн хувьд Төв болон Өмнөд Америкт зэрлэг амьтдын тоо хамгийн ихээр буюу 89 хувиар буурсан аж.
Амьтны төрлүүд устаж, үгүй болж байна
Шувуу, хөхтөн, хоёр нутагтан, шүрийн хүрээний амьтдын зүйлүүд хамгийн их хоргодож байгаа аж. Хэдхэн зууны өмнө тэдгээрийн тоо одоогийнхоос 100, бүр 1000 дахин ч илүү байсан бол хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийн үгүй болж байгаа юм.
Хил хязгаарыг давсан
Байгаль орчныг сүйтгэн, хохирол учруулахад тодорхой хил хязгаар гэж тогтоосон байдаг. Тухайлбал, дэлхийн дулаарлын хувьд хязгаар нь дахиад 1,5 Цельсийн хэмээр дулаарах явдал юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулааны дундаж хэмжээ 1,5 хэмээр нэмэгдэхэд хязгаарыг давж, тун аюултай нөхцөл байдал үүснэ.
Харин хүн төрөлхтөн өдгөө хоёр зүйл дээр байгалийн хил хязгаарыг даваад байгаа нь, амьтны зүйл, ангиуд хоргодож байгаа болон байгаль дахь азотын эргэлтийн хэмжээ хэтэрсэн явдал ажээ. Түүнчлэн далайн хүчилжил болон цэнгэг усны хангамж, хүрэлцээ хоёр нь хязгаарт тун ойрхон тулж ирээд байна. Үүнд далай тэнгист хаяж буй хог хаягдал, тэр дундаа химийн хортой, хүнд элементүүд хамгийн их нөлөө үзүүлж байгаа.
Ой мод багасч байна
Дэлхийн хамгийн томд тооцогдох Амазоны ширэнгэ ойн 20 хувь нь сүүлийн хагас зуун жилд устаж, үгүй болжээ. Харин дэлхий даяар, 2000-2014 оны хооронд 920,000 км2 талбайтай тэнцэх хэмжээний ой мод устсан байгаа нь Франц, Германы газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ юм.
Далайн амьтдыг үгүй хийж байна
Хүн төрөлхтөн 1950 оноос хойш нийт зургаан тэрбум тонн загас, хавч хэлбэртэн, далайн нялцгай биет болон бусад хүнсэнд хэрэглэгддэг далайн амьтан ургамлыг үгүй хийсэн байна. Ялангуяа загас агнуурын технологийн 21-р зуун гарсаар ихэд хөгжсөн нь үүнд нөлөөлжээ.
Цаг уурын өөрчлөлт болон бохирдол нь дэлхий дээр байсан нийт шүрэн хадны тал гаруй хувийг үгүй хийгээд байна. Шүрэн хад нь далайн амьдралын ¼-ийг дангаараа тэтгэж байдаг.
Эх сурвалж: The Guardian

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.