Дэлхий дахинд
Дональд Трамп АНУ-Мексикийн хил дээр Афганистанд байгаагаас илүү олон цэрэг байрлуулна
Төв Америкаас айсуй дүрвэгчдийн нүүдлийг зогсоохын тулд АНУ дахин 10,000-15,000 цэрэг Мексиктэй залгаа хил рүүгээ илгээж магадгүй байгааг Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
АНУ-Мексикийн хил дээр одоо Хил, Гааль Хамгаалах албаны хэдэн мянган албан хаагчаас гадна тэдэнд дэмжлэг үзүүлэхээр Үндэсний Гвардийн 2,100 алба хаагч очоод байгаа.
Өнгөрсөн Даваа гарагт батлан хамгаалах, дотоодыг хамгаалах яамд хамтарсан мэдэгдэлдээ 5,200 цэргийг энэ долоо хоногийн сүүлээр өмнөд хил рүү илгээнэ гэж өгүүлсэн байна.
Тэд энэ алхмаа эхний шатны төлөвлөгөө гэсэн тул цаашид ч нэмж цэрэг илгээж магадгүй юм. Дональд Трамп өмнөд хил дээрээ үүсээд байгаа нөхцлийг “үндэсний хэмжээний онц байдал” гэж нэрлээд байна.
Зарим шинжээчид үүнийг нь ирэх долоо хоногт болох конгрессын завсрын сонгуулийг угтсан улс төрийн явууллага гэж үзэж байгаа.
Өмнөд хил рүү эхний ээлжинд зэвсэг хэрэглэх биш, Техас, Аризона, Калифорни дахь хилийн зурвасуудад хаалт, хашаа босгох инженерийн ангиудыг илгээсэн гэж Пентагон тайлбарлажээ.
Эх сурвалж: Business Insider